fitness
  • 1550 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Биднийг энд шахмал түлшний үйлдвэр барих тухай яриа өрнүүлээд 10 гаруй жил юу ч хийгээгүй, хоорондоо хэрэлдэж маргалдаад ямар ч шийдэлд хүрээгүй байхад тэнд БНХАУ хэд хэдэн үйлдвэр бариад утгаа угаар гээчийг ор тас мартчихаж. Тэр үйлдвэрүүдийг нүдээрээ үзээд, үр өгөөж ашиг тусынх нь талаар чихээрээ сонсоод ирсэн учраас уншигч таньтай хуваалцахаас аргагүй. Ер нь бол сайжруулсан шахмал түлш, хагас коксжсон шахмал түлш гэсэн хоёр төрлийн түлш байдаг аж.


Сайжруулсан шахмал түлшийг бол манайхан 2019 оны өвлөөс хойш хэрэглэж хэвшсэн учраас тайлбарлахад илүүц биз. Харин хагас коксжсон шахмал түлшийг энэ өвөл Яармаг, Налайх дүүргийн нийт айл өрхүүдийн галлагаанд туршиж үзэхээр болсноо салбарын сайд дуулгаад авсан. Үүнийхээ түүхий эдийг Хятадаас худалдан авах бөгөөд коксжих нүүрстэй Монгол улс харийн орноос авлаа гэх шүүмжлэлтэй нүүр тулж байна. Тэгвэл  байгаль дахь коксжих нүүрс, хагас коксжсон түлш хоёр газар, тэнгэр мэт ялгаатай аж.


Тодруулбал,  кокcжих нүүрс нь илчлэг өндөртэй, түүхийгээр нь өрх болоод хүнд аж үйлдвэрүүдэд өндөр температурт шатаахад ашигладаг байгалийн баялаг байх нь. Энэ бол Монголчууд шууд хэрэглэдэг уламжлалт түлш юм. Харин хагас коксжсон шахмал түлш нь байгальд түүхийгээр байж байдаг. Үүнийг үйлдвэрлэлийн аргаар 650-700 хэмийн халуунд жигнэж, хагас коксыг нь ялган авсан бүтээгдэхүүн гэдгийг ойлгох учиртай. БНХАУ түүхий нүүрснээс хагас коксыг ялган авч, ахуйн түлшинд хэрэглээд олон жилийн нүүр үзэж байна. Одоо тэр улсад утаа угаар гэдэг мартагдсан бөгөөд агаарынхаа бохирдлыг төгс бууруулж чадсан. Өдгөө урьд хөрш түүхий нүүрсийг боловсруулсан үйлдвэрлэлийн технологиороо дэлхийд толгой цохиж байна. Энэ улсын агаарын бохирдлоосоо салсан түүх ба түүхий нүүрснээс хагас кокс гарган авах технологи, туршлагатай танилцаж цагаан атаархалд умбаад ирсэн. Манай орон ч гэсэн өнөө маргаашийн тулга тойрсон хэрүүл, тэмцэлээ хойш тавьж агаарын бохирдлоо утгаар нь бууруулах гоё үйлдвэр бариасай гэсэн чин хүсэл сэтгэл эзэмддэг юм билээ дээ. Ингээд тэр гоё үйлдвэрүүдийн талаар товч мэдээлэл хүргэе.  


1999 онд байгуулагдсан “Inner Mongolia blue flame technology enviromental” үйлдвэр. Энэ цогцолбор нь уул уурхайн үйлдвэрлэл, шахмал түлш болон нүүрс химийн үйлдвэр, цахилгаан станц бүхий аж үйлдвэрийн ӨМӨЗО-ы шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх компаниудын нэг юм байна. Байгалийн түүхий нүүрсийг угаах нь үйлдвэрийн шат дамжлагат ажлуудын эхний даваа. Үүний дараа туузан дамжуургаар хагас коксын үйлдвэрт хүргэнэ. Энэ үйлдвэр нь 150 мянган тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий дөрвөн зуухтай. Түүхий нүүрсийг үйлдвэрийн аргаар 700 градуст жигнэж, жилд 600 мянган тонн хагас кокс авдаг. Үүгээр дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Хагас кокс гарган авах явцад гурван нэр төрлийн бүтээгдэхүүний түүхий эд бэлэн болно. 

Нэгдүгээрт, Хагас кокс ба энэ нь утаагүй шахмал түлшний гол түүхий эд юм.
Хоёрдугаарт, хагас коксыг ялган авах үйлдвэрлэлийн явцад гарах хийг шугам хоолойгоор өөрийн цахилгаан станцад нийлүүлж эрчим хүч гаргана. Эднийх жилд 50 мянган МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.
Гуравдугаарт, Давирхай гарах бөгөөд түүнийг химийн үйлдвэртээ шилжүүлж, дизель түлш, өндөр хурдны авто замын битум зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг аж. Энэ бол байгалийн нүүрсийг олборлохоос эхлээд үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулж ямар ч хаягдалгүй бүрэн ашигладаг аж үйлдвэрийн цогцолбор юм. Урьд хөрш утаа угаараасаа ангижирахын тулд олон арга хэмжээ авсны нэг нь коксжсон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр байсан нь нүдээ олжээ. Үйлдвэрлэсэн шахмал түлшээ Бээжин болон ойролцоох хотуудад нийлүүлсээр ирсэн байна. 2017 онд БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний тоос, шороог угааж хэрэглэх тухай тогтоол гарч, бүх үйлдвэр нүүрсээ угаагаад дараагийн боловсруулалтад оруулах болжээ. Тус цогцолбор жилд 1.2 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай, нүүрсээ сайн угаах тусам өндөр чанартай хагас кокс гардаг байна. Угаасан нүүрсээ газар доогуурх туузан дамжуургаар хагас коксын үйлдвэрт шилжүүлэх бөгөөд түүнийг гурил шиг нунтаг, жижиг, дунд, том дөрвөн төрлөөр үйлдвэрлэдэг. Хамгийн том хэмжээтэй хагас коксыг гангийн хүнд үйлдвэрүүдэд нийлүүлдэг бол   жижгээр нь уурын зуухны шахмал түлш, ресторан, зоогийн газар болон айл өрхүүдийн халаалтад зориулсан шахмал түлш үйлдвэрлэдэг.


 Ахуйн хэрэглээний өнөөх бөөрөнхий шахмал  түлшийг 25 кг-аар савлан, Хятад улс даяар айл өрхийн халаалтад зориулан түгээж байна. Хятад улсын өнцөг булан бүрд энэ үйлдвэрийн 1000 гаруй борлуулагч ажилладаг гэж танилцуулав. Халаалтын зориулалтын хагас коксжсон шахмал түлшээ БНСУ, Саудыг Араб, Австрали зэрэг улсад их хэмжээгээр экспортолдог гэж үйлдвэрийн Ерөнхий инженер Лю Руи ярив. Онцолж хэлэхэд үйлдвэрийн цогцолборт шахмал түлшний чанар, агаарт ялгарах хорт хийг хянах лаборатори ажиллаж, бүтээгдэхүүний чанарыг тогтмол хянаж байдаг аж.  Мөн тодорхой хугацааны дараа улсын үйлдвэрийн итгэмжлэгдсэн лаборатори хяналт тавьж, шаардлага хангахгүй бол үйлдвэрийн үйл ажиллагааг шууд зогсоодог байна.
Тус үйлдвэр гадаах том зууханд гал түлж үзүүлсэн бөгөөд коксжсон илчлэг түлш бүрэн шатаж, улайсан гал дүрэлзэж байлаа. Харин шахмал түлш илчлэгээ 5-6 цаг барьдаг гэв.Нүүрснээс хагас кокс гарган авах явцад ялгарах хийг эрчим хүч болгон ашиглан 30 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуул
жээ. Энэ станцын орлого нь аж үйлдвэрийн цогцолборын цэвэр ашиг болж үлддэг аж. Байгаль дахь түүхий нүүрсийг олборлон, бүрэн ашиглаж байгаа энэ төв үйлдвэрийн цогцолбороос гадна салбар гурван үйлдвэр Гань Сү, Шин жан зэрэг хотод ажилладаг байна.

Эндээс харахад бид дотооддоо ганцхан үйлдвэр бариад авах аваас утаа угаар, хэнцүү хярвасаасаа салах боломж байна. Үйлдвэргүй учраас “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон шахмал түлшний түүхий эдийг Хятадаас худалдан авч, шахмал түлш үйлдвэрлэх гэж байна. Үүнийгээ өвлийн ид галлагааны үед 45 хоногийн турш гэр хорооллын бүх айл өрхүүдэд хэрэглүүлэхээр тооцоолж буй. Энэ тохиолдолд утаа 50 хувиар буурна гэсэн тооцоолол гаргажээ. Энэ нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж байгаа учраас энэ өвөл 32 тэрбум төгрөгөөр Яармаг, Налайх дүүргийг сонгон айл өрхүүдэд ид хүйтэн үед хагас коксжсон шахмал түлш 45 хоногийн турш хэрэглүүлж, хуучин болон шинэ түлшний ялгаа, агаарын бохирдлыг бууруулахад ямар нөлөө үзүүлж буйг туршиж үзэхээр болсон юм билээ.


Нэмж дуулгахад хагас кокжсон шахмал түлшийг Хятад, Орос, Англи, Энэтхэг зэрэг улс оронд хэрэглэж, түүхий нүүрснээс гаралтай агаарын бохирдлоосоо ангижирч чаджээ. Ийм л учраас Монгол Улс түүхий нүүрсээ боловсруулж, хагас кокс гарган авах үйлдвэр байгуулах ёстой юм. Өдгөө төсөл нь эхэлсэн бөгөөд  ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-ны Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулах гэж байгаа тухай албаны хүмүүс ярьсан байдаг. Энэхүү шахмал түлшний үйлдвэрийг Багануурт барихаар төлөвлөсөн бөгөөд дурын түүхий нүүрсийг боловсруулан хагас кокс гаргаж авах аж. Хагас коксжуулсан шахмал түлшийг 12-р сарын 15-наас 1-р сарын 31-нийг хүртэл 45 хоног борлуулах тооцоотой. Хагас коксжсон түлш нь илүү дулаан хадгалдаг, илчлэг сайтай гэдгээрээ давуу юм.

Ж.Батхишиг 

Бусад мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Влад

ТАРВАГАНЫ МАХ ОРУУЛАХААР ЗАВДСАН 90 ИРГЭНИЙГ 27 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

ТАРВАГАНЫ МАХ ОРУУЛАХААР ЗАВДСАН 90 ИРГЭНИЙГ 27 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх та

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн