fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-10-18

Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж, үүний 177.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдаж авахад зарцуулна гэв. Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдэгдсэн.

Ингэснээр Улаанбаатар хотын утааг бууруулах оролдлого хийж, энэ жил хагас коксжуулсан түлшийг туршихаар болов.

Туршилтын зорилгоор урд хөршөөс 132 мянган тонн хагас коксжуулсан нүүрс импортлох ажээ. Чийгийн жингийн болон үйлдвэрлэлийн үеийн алдагдлыг тооцсоноор 108 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх юм.

Харин нийслэлийн иргэд жилд 600 мянган тонн нүүрсийг хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Тэгвэл үлдсэн хэсэгт нь бид мидлингийн орцтой буюу өмнө хэрэглэж байсан сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ.

Хагас коксжуулсан түлшийг энэ оны арванхоёрдугаар сарын 15-аас эхлээд ирэх оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл борлуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл сар гаруйн хугацаанд хагас коксжуулсан нүүрсийг бид турших юм.
Эрчим хүчний яам, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох “Шахмал түлшний чанар, агаарын бохирдлыг бууруулах гурван үе шаттай ажлын төлөвлөгөө бий.

Богино хугацаанд буюу 2025-2035 онд хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Мөн хагас кокс-Эрчим хүчний үйлдвэр барих юм. Эдгээр ажил эхэлж буйг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдэгдсэн шүү дээ.

Тодруулбал ирэх жилээс 600 мянган тонны хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барихаар төлөвлөж байна. Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх 9-10 дугаар сард батална. Харин энэ жил хувьд сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэх юм. Хагас коксыг асаагуурын хамтаар БНХАУ-аас импортолно. Ирэх арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн борлуулж эхлэх юм.

Дунд хугацаанд буюу 2030-2050 онд Улаанбаатар хотод хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож, Шахмал түлшний хэрэглээг бууруулах буюу татгалзах арга хэмжээг авч ажиллана.

Урт хугацаанд буюу 2025-2050 онд барилгажуулалт, дагуул хотуудыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах ажлын төлөвлөгөөтэй байна” гэв.
"Таван толгой түлш" ХХК-ийн Хагас коксын үйлдвэрийн ерөнхий инженер Ж.Батбилэг "Ажлын хэсгийн хүрээнд хагас коксжуулсан нүүрсийг туршиж, 97 удаа галлагаа хийсэн. 80 тонн хагас кокс таван тонн барьцалдуулагч ашиглан хагас коксын орц 30, 50, 70, 100 хувь тус тус дөрвөн хувилбараар туршсан. Туршилтын дүнд хагас коксын орц 100 хувьтай байх нь зүйтэй гэж үзээд нийт 40 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Мөн хүний эрүүл мэнд, орчны хор уршгийн нөлөөллийг тодорхойлохоор лабораторийн шинжилгээнд зургаан удаа хамруулсан.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 45 хувь, хүхэр 57 хувь, үнслэг 37 хувиар бага гарсан. Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдож байгаа юм.

2023-2024 оны өвлийн улирлын арванхоёр, нэгдүгээр саруудад хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрх хэрэглэснээр нийслэлийн агаарын чанарын үзүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулбал aгаарт хаягдах

  • Тоосонцрын хэмжээ 72 хувь
  • Хүхэрлэг хийн хэмжээ 85 хувь
  •  Угаарын хийн хэмжээ 10 хувь
  • Азотын исэл 23 хувиар тус тус буурна.

“Таван толгой түлш” ХХК 2023-2024 оны халаалтын улиралд 108.2 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх бөгөөд хагас кокс болон асаагчид шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Харин дотоодод хагас коксжуулах түлшний үйлдвэр байгуулснаар БНХАУ-аас импортлох хагас коксын өртгөөс 56 хувиар буурах буюу хагас коксжуулсан нэг тонн нүүрс 525 мянган төгрөг болох урьдчилсан тооцоолол гарсан.

Мөн түлшийг асаахдаа зөвхөн зориулалтын асаагч ашиглах шаардлагатай. Энэ дөлжих чадвар өндөр, үнэргүй, хорт хийн ялгарал эрс бага, тоосонцор бага ялгаруулдаг гэх мэт давуу талтай. Уламжлалт аргаар гал ноцоохдоо мод болон цаас зэргийг ашигладаг. Гэтэл модны дэгдэмхийн ялгарал өндөр тул 20-30 минут утаа гарна.
Иргэд ажлаа тараад галлаж эхэлдэг буюу 19-20 цагийн үед утаа их болдог. Бусад үеэр утаа харьцангуй бага байдаг. Үүнээс иргэд сайжруулсан түлш ялгаагүй утаа ихтэй гэсэн дүгнэлтэд хүрэх нь бий. Тэгэхээр юу ашиглаж асааж байна вэ гэдэг нь чухал.

Олон улсад сайжруулсан түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг" гэлээ.

Сайжруулсан түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаах зүйтэй гэдгийг онцоллоо. Одоогийн тооцооллоор хагас коксжуулсан нэг тонн нүүрсийг 550 мянган төгрөгөөр урд хөршөөс импортлох юм.

Бусад мэдээ

Ромын Пап: Монгол бол хязгааргүй уудам орон зай, цөөхөн боловч аугаа соёл иргэншилтэй ард түмэн

Ромын Пап: Монгол бол хязгааргүй уудам орон зай, цөөхөн боловч аугаа соёл иргэншилтэй ард түмэн

“Монголд очно гэдэг өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдардаг ард түмэнтэй уулзана гэсэн үг. Монгол бол

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулна

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулна

"Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд гардуулахаар болжээ. Тодруулбал, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов юм байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.