Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулиас оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлжээ.
Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд эхний ээлжид бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Шүдийг зөв угааснаар шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10,000 орчим оюутнууд суралцаж байна.
Эдгээр оюутнуудаа бид шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчдадаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид АШУҮИС-д сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд “Шүд угаах өрөө”-г тусад нь тохижуулсан.
Багш ажилчид болон оюутнууд сойзоо авчраад л шүдээ угаах бүрэн боломжтой. Үүнээс гадна бид Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах санамж байгуулсан. Энэ хүрээнд сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулж, эмчлээд, сургалт зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ” гэв.