fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Боловсролын салбарын ирэх оны нийт төсөв 4.3 их наяд төгрөг. 

Үүний 709 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал байх юм. Тэгвэл энэ дүнгээр ямар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар тодотгож үзвэл

  • барилга байгууламж барихад 606,
  • их засварт 2.7,
  • тоног төхөөрөмжийн зардал 51.2,
  • шинжлэх ухаан 33.5,
  • мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 15.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна.

График, хөрөнгө оруулалтын бүтэц, дүн тэрбум төгрөгөөр 

Тус салбарт өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй нийт 230 орчим төсөл байгаа бөгөөд 374.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолжээ. Эдгээрээс 200 гаруйг нь ирэх онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ нь биелбэл улсын хэмжээнд 90 орчим цэцэрлэг, 80 орчим сургууль шинээр үүдээ нээх нь. Гэхдээ Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өгсөн мэдээллээр ирэх онд 157 сургууль, 103 цэцэрлэг, 33 дотуур байрыг ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадлыг 74,490 суудлаар, цэцэрлэгийн орыг 29,235-аар нэмэгдүүлж, дотуур байранд 5,680 ор нэмэгдэнэ гэсэн юм.

Он дамжиж хэрэгжиж буй төслүүдээс хамгийн урт настай нь 2014 оноос хойш хэрэгжиж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 150 хүүхдийн ортой цэцэрлэг барих төсөл байна. Уг цэцэрлэгийг барих анхны төсөвт өртөг 1.2 тэрбум төгрөг байсан бол 2024 оны байдлаар 1.6 тэрбум төгрөг болж өсжээ. Тус цэцэрлэгийн ажлыг гүйцэтгэж дуусахад ирэх онд 20.7 сая төгрөг төсөвлөв.

Харин хамгийн өндөр дүнгээр санхүүжилт тавиулсан гурван сургууль бий. Сонирхолтой нь эд бүгд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн сонгогдсон тойрог буюу Хөвсгөл аймагт баригдахаар байгаа юм.

Мөрөн хотод 960, Жаргалант болон Галт суманд баригдах тус бүр 640 хүүхдийн суудал, спорт заалтай сургууль барих төсөлд нийтдээ 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар тусгасан нь он дамжсан төслүүдээс хамгийн их дүн юм. Тодруулбал Хөвсгөл аймгийн 

  • Мөрөн хотод 960 хүүхдийн суудал, спорт заалтай сургуулийн барилга барих төслийг ирэх онд 9.5,
  • Жаргалант суманд 640 хүүхдийн суудал, спорт заалтай сургуулийн барилга барих төслийг ирэх онд 9.2,
  • Галт суманд 640 хүүхдийн суудал, спорт заалтай сургуулийн барилга барих төслийг ирэх онд 8.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. 

Ирэх онд хэрэгжих төслүүдийн төсөвт өртгийг харахад 320 хүүхдийн суудалтай сургууль хотод барихад дунджаар 5.2-5.6 тэрбум төгрөг шаардлагатай бол орон нутагт барихад өртөг нь 30-40 хувиар нэмэгдэж байна. Хотод 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих төсөвт өртөг 2-2.7 тэрбум төгрөг байна. Гэхдээ дэд бүтэц, тээвэрлэлтийн зардлаас шалтгаалж, барилгуудын төсөвт өртөг харилцан адилгүй байгааг тодотгоё.

Он дамжсан төслүүдээс онцлох өөр нэг зүйл нь Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн гуравдугаар байрыг нурааж, шинээр барьж эхлэх тухай юм. Одоогоор нураах ажил эхэлсэн бөгөөд 2024 оны төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг бөгөөд үүнээс ирэх онд 7.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. 

АШУҮИС-ийн салбар сургуулийн цогцолборыг Сайншандад барих ажлыг эхлүүлнэ

2024 онд боловсролын салбарт 110 орчим шинэ төсөл, арга хэмжээ эхлэхээр байна. 

Тухайлбал Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуульд "Ерөнхий боловсролын олон улсын стандарт хөтөлбөр хэрэгжүүлэх дотуур байр, спорт цогцолборын барилга" төслийг хэрэгжүүлэхээр 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. 

Мөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн салбар сургуулийн цогцолборыг Дорноговь аймгийн Сайншанд суманд барихад зориулж, 7.5 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд оруулав.

Монгол Улсын Консерваторийн цогцолборын барилга барих төсөвт өртөг 27 тэрбум төгрөг бөгөөд үүнээс ирэх онд 8.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргана.

Боловсролын салбарт Pearson, Eduten зэрэг олон улсын шинэ хөтөлбөр амжилттай нэвтрээд буй. Үүнийг дагаад техник, тоног төхөөрөмжүүдээ сайжруулах шаардлага бий. Тэгвэл ирэх оны төсөвт 51.2 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авахаар тусгасан байна.

БШУЯ-наас танилцуулсан ирэх оны төсвийн төслийн онцлох үзүүлэлтүүд:

  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын өртөгт суурилсан хувьсах зардлыг 123 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
  • Үдийн хоол хөтөлбөрт 87.4 тэрбум төгрөг зарцуулна.
  • Хөдөө, орон нутгийн багш нарт тав дахь жил, цаашид гурван жил тутамд зургаан сарын тэтгэмж олгоход 77.6 тэрбум төгрөг олгоно.
  • 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилтны хүүхдийг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцуулах хөтөлбөрт 7.1 тэрбум төгрөг зарцуулна.
  • Багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт 14.8 тэрбум төгрөг олгоно.

Бусад мэдээ

“УБТЗ”-ын удирдах ажилтан бусдаас хахууль "авчээ"

“УБТЗ”-ын удирдах ажилтан бусдаас хахууль "авчээ"

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд гэмт хэргийн

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.