Сэндбоксын зөвлөлийн тавдугаар хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар “Сэндбокс орчны тойм, сэндбоксын албаны үйл ажиллагаа”, “Финтек зохицуулалтын инновац хаб байгуулах суурь судалгаа” болон сэндбоксын орчинд шинээр турших гурван бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зэрэг нийт таван асуудал хэлэлцлээ.
Хуралдааны үр дүнд “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын хөгжүүлж буй биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны систем болон “Фандиа” ХХК-ийн урамшуулал, хандив, хөрөнгө оруулалтад суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг сэндбокс зохицуулалтын орчинд нэг жилийн хугацаатай туршихаар боллоо.
Биржийн бус зах зээлийн арилжаанд блокчэйн системийг нэвтрүүлснээр үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа, төлбөр тооцоог автоматаар, цагийн хязгаарлалтгүй 24/7 гүйцэтгэх боломж бүрдэх юм. Түүнчлэн платформд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд шинэ төрлийн үйлчилгээ бөгөөд сэндбоксын орчинд туршигдаж буй хоёр дахь хамтын санхүүжилтийн үйлчилгээ юм.
Сэндбокс зохицуулалтын орчин нь технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хязгаарлагдмал орчинд турших, амжилттай туршигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд зах зээлийн оролцогчид, бодлого гаргагчид хамтран ажиллах боломжийг олгодог зохицуулалтын арга хэрэгсэл бөгөөд манай улсын санхүүгийн зах зээлд 2021 онд нэвтрэн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо