Засгийн газрын 2024 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдээ танилцуулсан ба ирэх долоо хоногоос томоохон ажлуудаа эхлүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 692 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх ба үүнээс 148 нь орон нутагт, 300 нь аймаг нийслэлд хэрэгжинэ.
Мэргэжлийн гүйцэтгэгчидтэй уулзах ба энэ жилээс төрийн худалдан авалтад стандартыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл чанарыг эрхэмлэж худалдан авалт хийнэ. Сургууль, цэцэрлэгийн барилга баригддаг ч стандартаа мөрдөөгүйгээс болоод хугацаа алддаг, зогсдог сул тал бий. Төрийн худалдан авах ажиллагаа, хувийн байгууллагын мэдээллийг цахимжуулна" гэлээ.
Түүний мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт мэдээлэл өглөө. Тэрбээр "Төсөв батлагдсанаас хойш долоо хоногийн дараа төсвийг ерөнхийлөн захирагч бүрээр даалгавар өгч жагсаалт гарч байна. Өөрөөр хэлбэл оны сүүлээр эсвэл нэгдүгээр сард өгч хугацаа алддаг байсан. Төсвийн хуулийн дагуу төсөв батлагдмагц төсвөөс санхүүждэг төслүүд эхэлж, эдийн засгийн эргэлтэд орж байна. Энэ нь төсвийн реформ амжилттай хэрэгжиж байгааг илтгэж байна" гэлээ.
Тендерт оролцох боломжгүй компани, ААН-ийг хар жагсаалтад багтаадаг ба шинээр 61 компани нэмэгджээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын болон Сангийн яамнывебсайт болон tender.gov.mn сайтаас харах боломжтой. Тендерт оролцох ААН-ийг шалгаруулахад өмнөхтэй харьцуулахад чанга хууль болсон гэв.