Монгол Улсын иргэний үнэмлэхийн шинэ загвар дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичигдэхгүй болж байгаа тухай мэдээлсэн. Энэ талаар УБЕГ-аас тодрууллаа.
-Иргэний шинэ үнэмлэх хэзээнээс иргэдэд олгогдох вэ?
- 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас хойш иргэний үнэмлэх захиалсан иргэд шинэ загварын иргэний үнэмлэхээ авна. Бэлдэц дээр регистрийн дугаар, гэрийн хаягийг хасаж, иргэний бүртгэлийн 12 оронтой тоо бичигдэж эхэлсэн. Ингэснээр иргэний хувийн мэдээллийг нууцалж байгаа юм.
-Хуучин иргэний үнэмлэхтэй иргэд шинэ загварынхаар солиулах шаардлагатай юу?
-Иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно.
16 насанд хүрээд шинээр захиалах, 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед иргэний үнэмлэх захиалдаг. Энэ тохиолдолд шинэ загварын иргэний үнэмлэх олгогдоно.
- Шинэ загварын иргэний үнэмлэхийн үнэ өөр байх уу?
-Иргэний үнэмлэхийн үнэ өөрчлөгдөөгүй. Хуучнаараа буюу 30,000 төгрөгөөр захиална. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ дээр Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн мөнгө нэмэгддэг.
- Шинэ загварын иргэний үнэмлэх авсан иргэд банк зэрэг газарт очоод үйлчилгээ авах үед регистрийн дугааргүй болохоор ямар зохицуулалт байх бол?
- Иргэн өөрөө регистрийн дугаараа мэднэ. Тийм болохоор E-mongolia-гаас үйлчилгээ авахад регистрийн дугаараараа орно.
Харин бусад байгууллагаас үйлчилгээ авахдаа иргэний бүртгэлийн 12 оронтой дугаараа түлхүү ашиглахыг зөвлөж байна. Иргэний бүртгэлийн 12 оронтой тоо E-mongolia системд орсон байгаа.