“Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх олон жил эзэнгүй орхигдсон газрыг амжилттай нөхөн сэргээжээ. Харин ирэх жил Дархан-Уул аймгийн хоёр суманд 187 га талбайг нөхөн сэргээнэ.
Нөхөн сэргээх гэрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд О.Бат-Эрдэнэ, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар гарын үсэг зурав.
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Батбаяр “Өнгөрсөн намар бид тооллого хийхэд манай аймагт эзэнгүй орхигдсон 812 га талбай байгааг тогтоосон. Үүний 595 га нь уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбай байна. Энэ нь нинжа нар эвдэж сүйтгэсэн талбай биш юм. Өнөөдөр байгуулсан гэрээгээр Шарын гол, Хонгор сумдын газрыг нөхөн сэргээнэ. “Оюу толгой” компани дөрвөн тэрбум төгрөгийг байгалийг унаган төрхөд нь оруулахын төлөө зарцуулж байгаад баяртай байна. Дархан-Уул аймгийн ЗДТГ үүнд ихээхэн талархдаг. Бид сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниудтай хамтарч, нөхөн сэргээлтэд онцгой анхаарч байна. 2021 оноос хойш жил бүр 130 га талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгөөр нөхөн сэргээж, эзэнгүй, орхигдсон газруудын тоо багассан” гэв.
Дөрвөн өөр байршлын нийт 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийнэ. “Оюу толгой” компани байгаль орчны үйл ажиллагааг эрхлээд 20 жилийн ой тохиож байна. Иймд уул уурхайн компаниудын энэ чиглэлд явуулж буй ажлуудыг танилцуулсан хурлыг өнөөдөр зохион байгуулав.