Сүүлийн жилүүдэд хүнсэндээ гений өөрчлөлтгүй аль болох органик жимс ногоо хэрэглэхийг хүн бүр зорьдог болсон. Тэгвэл яг ямар жимсийг органик гэж нэрлэдэг вэ? Та хүнсэндээ органик жимс хэрэглэж чадаж байгаа юу?
Органик жимс гэдэг нь байгалийн цэвэр түүхий эдийг шавж устгалын хор цацалгүй байгальд тарьж ургуулсан жимсийг хэлнэ.
Дэлхийн томоохон жимс экспортлогч улсууд нь ургацаа хамгаалахын тулд шавж, мэрэгч амьтад, мөөгөнцөр, бактерn, зэрлэг ургамал зэрэг ургацад сөргөөр нөлөөлж болохуйц зүйлсийн эсрэг хор цацдаг. Үүнийг ПЕСТИЦИДгэж нэрлэдэг. Байгалийн гаралтай пестицид хүний эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөө харьцангуй бага байдаг бол лабораторид синтетик аргаар бүтээсэн пестицид нь хүний эрүүл мэндэд аюултайг эрдэмтэд тогтоогоод байна.
Синтетик пестицидийг ургацын талбайд цацсан тохиолдолд өт, хорхой, шавж ойртох ямар ч боломжгүй болдог байна. Тэгэхээр жимснээс өт гарч ирэх нь муудсан гэхээсээ илүү органик гэсэн нэг нотолгоо юм. Хэрвээ та санаандгүй өт идсэн тохиолдолд таны эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө байхгүй тул айх шаардлагагүй. Тэр ч бүү хэл Америкийн FDA журамд шинэхэн гэсэн тодотголтой 100 жимс тутамд 4 өт буюу авгалдай байхыг хэвийн гэж үздэг. Европын хүнсний аюулгүй байдал эрхэлсэн байгууллага нь өтийг шим тэжээл өндөртэй бөгөөд хүн идэхэд ямар ч аюулгүй гэдгийг тогтоон хүнсний тоонд оруулсан байдаг. Гэхдээ өт тааралдвал ид гэсэн үг биш өттэй жимсийг хаяад бусад жимсийг идэхэд аюулгүй гэсэн үг.
Монголчууд “Адуу ууж байгаа уснаас эргэлзэхгүй ууж болно учир нь адуу муу ус уудаггүй, өт идсэн жимс ногоог цээрлэлгүй ид учир нь өт хортой ногоо жимс иддэггүй” гэж ярьдаг нь үнэний ортой. Харин өттэй жимснээс илүү гарал үүсэл тодорхойгүй, синтетик пестицид цацсан жимсийг хүнсэндээ хэрэглэх нь аюултай. Ийм жимсийг удаан хугацааны турш хэрэглэвэл архаг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Үүнд хорт хавдар, ургийн гажиг, нөхөн үржихүйн гэмтэл, дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг тасалдуулах зэрэг олон өвчлөлтүүд багтдаг байна. Түүнчлэн нярай болон бага насны хүүхдүүд пестицидийн хорт нөлөөнд насанд хүрэгчдээс илүү өртөмтгий байдаг нь судалгаагаар тогтоогдсон. (Reform, 2023)
ДЭМБ эдгээр пестицидүүдийг судлаад заримынх нь тунг хязгаарлан тогтоож заримыг нь бүр хориглож байгаа хэдий ч гарал үүсэл тодорхойгүй жимс нь одоо хүртэл аюултай хэвээр байна. (Organization, 2020) Европын холбооны улсууд ургацын талбайдаа химийн бодис ашиглахыг хориглосон байдаг тэр дундаа Польш улс нь экспортод гарч буй жимс жимсгэнийг өөрсдөө хянадаг бөгөөд газар тариаландаа синтетик пестицид хэрэглэхийг хориглодог байна. Үндэсний статистикийн газраас 2022 онд алим болон лийр 23000тн орж гэж мэдээлсэн. Харамсалтай нь Монгол улсад орж ирж буй ихэнх жимс жимсгэнэ гарал үүсэл тодорхойгүй байдаг учраас жимсээ сонгохдоо гарал үүслийг шалгаж, сайтар угааж ариутгаж хэрэглэж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж:
Organization, W. H., 2020. New study highlights cost-effectiveness of bans on pesticides as a suicide prevention strategy. [Online]
Available at: https://www.who.int/news/item/17-12-2020-new-study-highlights-cost-effectiveness-of-bans-on-pesticides-as-a-suicide-prevention-strategy
[Accessed 1 12 2023].
Reform, C. f. P., 2023. Pesticides and human health. [Online]
Available at: https://www.pesticidereform.org/pesticides-human-health/
[Accessed 1 12 2023].
Sourse: gogo.mn