fitness
  • 415 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-08

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, холбогдох төрийн бус байгууллагуудаас хуулийн хугацааг сунгах хүсэлтийг ирүүлсээр байгаа аж. Одоогийн байдлаар 200 орчим иргэнээс өөрийн гэр бүл, төрөл төрөгсдийг цагаатгуулж, нэр төрийг сэргээлгэх тухай өргөдөл, гомдол, хүсэлтийг гаргаад байгааг Улсын Их Хурлын дэд дарга Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа хэллээ.

Цагаатгуулах тухай гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул иргэдээс ирсэн цагаатгуулах тухай өргөдлийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, анхан шатны шүүхүүд хүлээж авахгүй байгаа боловч архивд хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт хамааралтай хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байна. 1922 оноос 1990 оныг хүртэл нийтдээ 36,000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх тоо баримт байдаг бөгөөд одоогийн байдлаар 31,460 иргэн хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр цагаатгагджээ.

Нийт хэлмэгдсэн иргэдийн дийлэнхийг цагаатгаад байгаа боловч тодорхой нөхцөл байдал, учир шалтгааны улмаас цагаатгуулж амжаагүй иргэдийн эрхийг хуулийн хугацаагаар хязгаарлах нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна

Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна

Монгол Улс 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын 6, ОХУ-тай автозам,

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар сургалтад хамрагдаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар сургалтад хамрагдаж байна

GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.