Улсын Их Хурал(УИХ)-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хурлаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр далайн тээвэр, Монгол Улсын далбаатайгаар далайд аялж буй хөлөг онгоцуудын эрх зүйн байдлын талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд "Манай улсын далбаатай хэдэн онгоц байгаа вэ. Тэдгээрт хэдэн далайчин ажилладаг вэ. Мөн эрх зүйн орчин нь ямар байгаа вэ, дээрэм халдлагад өртлөө гэхэд хариуцлагыг хэн хүлээх вэ. Манай далбаатай онгоцонд далайн дээрэмчдийн халдлагад өртсөн тохиолдол гарч байсан уу. Энэ тохиолдолд хэн нь хариуцлага хүлээх вэ" гэж асуув.
Түүний асуултад холбогдох албаны хүн "26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэйгээр их далайд хөвж байна. Эдгээрт 651 далайчин гэрчилгээ авч ажиллаж байгаа.
БНСУ-ын Хон Сан Сун гэдэг хөлөг онгоц 2010 оны дөрөвдүгээр сард Оманы эрэг орчмоор явж байгаад дээрэмчдэд барьцаалагдаж, 2011 оны нэгдүгээр сард онгоцыг чөлөөлөн авч байсан.
Ингэхэд БНСУ-ын эзэмшигч талаас барьцаалагчид 10 сая ам.доллар нэхсэнээс дөрвөн сая ам.долларыг нь төлж, онгоцоо чөлөөлж авсан байдаг. Дээрэмчидтэй холбоотой аливаа асуудлыг хөлөг онгоц эзэмшигч хариуцдаг" гэлээ.