Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.
Цаг уурын байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Зудын байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна. Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.
Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна.
Мөн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах зорилгоор 100 хүртэл мянган тн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэлээ.
Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ
“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа.
Уг тогтоол нь макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээний олон асуудлыг багтаасан.
Танилцуулгатай холбогдуулан төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах; байгаль орчны үнэлгээ шаардах үйлдвэр, үйлчилгээний төрлийг тодорхой хүрээнд хязгаарлаж, бусад бизнесүүдэд зөвхөн стандарт мөрдүүлэх зохицуулалтыг бий болгох; мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлэх замаар хот суурин газруудад зарагдах махны үнийг бууруулж, хөдөөгийн өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх; эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс нэгдсэн байдлаар худалдан авах ажлыг эрчимжүүлэх; Тавантолгой-Гашуунсухайт авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай гүйцэтгэх; нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд RFID системийг яаралтай ашиглалт оруулах; аялал жуулчлалыг нэмэгдүүлэх болон Монгол Улсад гадаадын банк татах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтанд үүрэг болголоо.
Тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2024 оны эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүргэх, инфляцыг нэг оронтой тоонд хязгаарлах боломжтой юм.