Төрийн ордонд нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжил байна. Сонсголд өнөөдөр нийт 128 гэрчийг дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Түүний хамаарал бүхий компани “Эрдэнэс таван толгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа нүүрсний экспортод оролцсон гэх асуудалд холбогдуулан мэдүүлэг авав.
Тэрбээр “Би ард түмнээ, төрөө хүндлээд энэ сонсголд ирлээ. Ийм гүтгэлэг түүхэнд дахиад байх эсэхийг мэдэхгүй юм. Би хариулъя. Би 2005 онд гаалийн байгууллагаас гарсан, 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Энэ хугацаанд амьдрахын тулд олон бизнес, олон зүйлийг хийсэн, энэ бол бидний амьдралын жам. “Алтан говь транс” компаниа 2012 онд зарсны төлөө өнөөдөр энд ирээд яллагдана, олны өмнө шүүгдэнэ гэж бодож явсангүй.
2010 онд компани байгуулж Өмнөговь аймагт гаалийн хяналтын бүсийн талбай барьсан, Эрдэнэс таван толгой ХК-д талбайгаа түрээсэлж тус компанийн анхны нүүрсийг талбай дээрээ буулгасан нь үнэн. Гэвч тухайн оны 8-12 сар хүртэл ажиллуулсан.
Би дахин хариуцлагатай хэлье. 2012 ноос хойш уул уурхайтай холбоотой нэг ч асуудалд орооцолдоогүй” гэлээ