Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулсныг батламжлан өрийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.
Аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.
Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна гэв.
Сангийн сайд Б.Жавхлан, Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийг зээлийн эргэн төллөө. Олон улсын хөрөнгө оруулагчид Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр зээлийн өрийг төлж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байсан.
Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр нийт 700 сая ам.долларын зээлийг хугацаанд нь төлсөн нь гадаад хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлж байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, дайн зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор манайхтай ижил түвшинд байсан улсуудын зээлжих зэрэглэл буурсан бол Монгол Улс үүнийг тогтвортой хадгалж чадсан.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашид Хөгжлийн банкийг Эксим банк болгоход анхаарч ажиллах болно. Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд өр барагдуулах чиглэлээр л ажиллалаа. Хэрэв энэ байдал үргэлжилбэл 2-3 жилийн дараа эргээд дампуурлын ирмэг дээр ирэхийг үгүйсгэхгүй гэсэн юм.