fitness
  • 546 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-23


Сүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Э.Уянгаас тодрууллаа.

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний нөхцөл байдал ямар түвшинд байна вэ? 

Монгол Улсын хувьд сүрьеэгийн тархалтаар дэлхийд өндөр орны тоонд ордог. 2022 оны тоон мэдээллээр дарамт өндөртэй 30 орны нэг болон зарлагдсан. Монгол Улсад сүрьеэгийн тархалт дэлхий дахин болон Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байна.

Хүүхдийн сүрьеэгийн өвчлөл дэлхийн дахинд долоон хувьтай байдаг бол Монгол Улсад 12 хувьтай байна. Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад сүрьеэгийн илрүүлэг буурсан. Монгол Улс сүрьеэгийн тархалтын судалгааг 2015-2016 онд болон цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зохион байгуулсан. Түүнд одоо илрүүлээд байгаа өвчлөлийн гуравны нэг нь л илэрсэн гэсэн тоон мэдээлэл гарсан. Гуравны хоёр нь цаана нь илрээгүй, ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж авахгүй байна гэсэн үг. 

-Сүрьеэгийн үүсгэгч нян болон эмнэлзүйн шинж тэмдгийн талаар иргэд тэр болгон мэддэггүй. Энэ талаар иргэдэд товчхон мэдээлэл өгвөл.

Сүрьеэгийн үүсгэгч нь гадаад орчинд маш тэсвэртэй. Жишээлбэл тоосонд 100-аас дээш хоног, номын хуудсанд гурван сар, хөрсөнд зургаан сар цаашлаад -45 хэмд 50 жил байх тэсвэртэй бол нарны хэт ягаан туяанд нэг цагийн дотор устдаг нян.

Архаг ханиалгах буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах цаашлаад цэртэй ханиах, цустай ханиах, цээжээр өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрнэ.

Бүр цаашилбал хордлогын хам шинж буюу шалтгаангүйгээр халуурах, биеийн жин буурах, ядарч сульдах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн өвчлөл авсан гэсэн тооцоолол байдаг.

Дархлааны систем унасан, байнга хоол тэжээлийн дутагдалд орох, ядрах, ажил амралтаа зохицуулахгүй байх гэх мэт дархлалын систем унаснаас болж, тухайн бактери идэвхжээд өвчин болж байна. 

-Сүрьеэ өвчнийг хэрхэн илрүүлдэг вэ? Сүрьеэгээр өвчлөх хамгийн эрсдэлтэй бүлэгт ямар хүмүүс багтдаг вэ?

Сүрьеэг эмнэлзүйн шинж тэмдэг, багажийн шинжилгээ болон нян судлалаар баталж, оношилгоо хийдэг. Эмнэлзүйн гэдэг нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид үзүүлээд багажийн шинжилгээ буюу рентген зургийг нь авч шинжилдэг.

Рентген дээр ямар сэжигтэй өөрчлөлт байна гэж үзвэл нян судлал буюу лабораторийн шинжилгээ хийж илрүүлдэг.

Монгол Улсын хувьд сүрьеэг Эрүүл мэндийн сайдын А/30 тушаалаар сүрьеэгийн тусламж, үйлчилгээний заавар тушаалаар хэрэгжүүлж байна. Эрсдэлт бүлэгт чиглэсэн зориудаар зохион байгуулалттайгаар хийдэг илрүүлгийг идэвхтэй илрүүлэг гэнэ.  Эрсдэлт бүлэгт амьжиргааны түвшин доогуур иргэд их хамаарагддаг. Эрсдэлт бүлэгт чиглэсэн идэвхтэй илрүүлэг үзлэгийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийж байна. Харин идэвхгүй илрүүлэг гэдэг нь үйлчлүүлэгчид  ямар нэгэн шинж тэмдэг зовуурь илэрсний улмаас эмнэлгийн байгууллагад хандаж, эмчид үзүүлэхээс эхэлнэ.

Сүрьеэгээр өвдөж байгаа хүмүүсийн насны бүлгээр нь авч үзвэл 24-34 насны залуучууд дийлэнх хувийг эзэлж байна. Хүйсийг нь хараад үзвэл эрэгтэй хүмүүс илүү өртдөг.

Монгол Улс орон даяар энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээ Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулж эхэлсэн. Багцын үзлэгт сүрьеэгийн илрүүлэг багтаж байгаа нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд маш том түлхэц болж байна. Хавьтлын илрүүлэг үзлэг гэдэг нь сүрьеэтэй өвчтөнүүдийн ар гэрт ойрын хавьтал халдвартай байх хугацаанд нь хамт байсан хүмүүсийг 14 хоногийн дотор үзлэг шинжилгээнд хамруулдаг. Энэ үзлэгийн нийт тоо маань 3-ны 1 хувьтай байна. 

-Иргэд сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үүнээс гадна иргэд энэ өвчний талаар мэдэж байх зүйлсийг дурдвал. 

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт нь өвөрмөц болон өвөрмөц бус гэсэн хоёр янзаар явагддаг.  Өвөрмөц сэргийлэлт гэдэг нь вакцинжуулалт. Дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор вакцин хийж хамгаалдаг. Амьд микобактери тариулснаар хүний биед үржиж, сүрьеэгээс удаан хугацаанд хамгаалах дархлааг үүсгэдэг. Харин өвөрмөц бус гэдэг нь сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэний ар гэр, хамт амьдарч буй иргэдэд эрүүл ахуйн мэдээлэл, боловсрол олгодог. 

Иргэд хамгийн эхэнд сүрьеэ байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Үүнээс гадна сүрьеэ халдварт өвчин тул бусдад халдаах, эмчлэхгүй удаан явбал амь насаа алдах аюултай. Харин эрт илрүүлж, цаг алдалгүй эмчилгээгээ эхлүүлэн тууштай байх аваас сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг, урьдчилан сэргийлэх боломжтой. 

Иргэн та 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байвал эмчид хандаарай. Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй. Зургаан сар хийгээд дуусгах байсан эмчилгээг антибиотик дур мэдэн хэрэглэснээрээ 24 сарын эмчилгээ рүү шилжүүлэх тохиолдол ч байна. Мөн эмчилгээгээ дундаас нь орхигдуулаад дахин эмчилгээнд ороод байгаа хүмүүс байна. Энэ нөгөө үүсгэгч нянгийн тэсвэржилт нэмэгдүүлнэ л гэсэн үг. Анхнаасаа эмэнд тэсвэртэй сүрьеэ гэж оношлогдох тохиолдол их байна. Энэ нь эмэнд тэсвэртэй хүнээс халдвар авсан байна гэсэн үг.  Нэгэнт сүрьеэ өвчин туссан бол эмчилгээгээ тууштай хийх, эдгэрээд ойр ойрхон эмчдээ үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

Бусад мэдээ

С.Жавхланбаатар: Нэг хүн, нэг компанийн шийдвэрээр нийтийн тээврийн чиглэл өөрчлөх, эсвэл автобусны гаралтыг нэмэх боломжгүй

С.Жавхланбаатар: Нэг хүн, нэг компанийн шийдвэрээр нийтийн тээврийн чиглэл өөрчлөх, эсвэл автобусны гаралтыг нэмэх боломжгүй

Нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-иас гаргасан мэдээллийн талаар Нийслэлийн Нийтийн тээ

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө гэжээ

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө гэжээ

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын

Ариунзул С.
Ариунзул С.