Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогоо танилцуулж байна:
-Өндөр настан, оюутан, сурагчид өөр өөрсдийн үнэмлэхээр өдөрт 4 удаа үнэгүй зорчино. Би ахмад настан гээд үнэмлэхгүй зорчихгүй. Орон нутгаас нийслэлд ирсэн ахмад настнууд заавал автобусны картаар зорчино. Дараа нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас тухайн орон нутгаас нь ахмад настны автобусаар зорчсон төлбөрийг нэхэмжилнэ. Нийтийн тээврийн төлбөр тооцоо зах зээлийн зарчмаараа явах ёстой.
Өнөө орой 35 шинэ автобусаа хүлээн авна. 2024 онд дахин 600 автобус авна. Эдгээр автобусыг орон нутгийн болон хувийн өмчит ААН-үүдэд өгөхгүй, 2009 оны алдааг давтахгүй.
Зорчигч А цэгээс Б цэг рүү ямар автобусанд сууж явахыг зөвлөх, хиймэл оюун ухаан бүхий аппликэйшн бүтээж байна. Иргэдэд амар хялбар байна. Одоо нэг удаа зорчиход 500 төгрөг байна. Ахмад настнууд, оюутнууд, сурагчид өдөрт 4 удаа зорчихдоо үнэгүй. Үүнд цагийн хязгаар тавихгүй. Харин тав дахь удаа зорчих бол төлбөртэй. Хойд бүсийн, өндөр дэнж дээрх гэр хорооллуудад дунд оврын таван автобус шинээр зорчиж эхэлнэ. Өдөрт олон удаа зорчдог иргэдэд зориулан 10 хоногийн, нэг сарын хугацаатай картууд гаргана. Хэдий чинээ их зорчино, тэр хэрээр урамшуулалтай төлбөр төлнө.
Нийтийн тээврээ цэгцэлсний дараа такси тээврийг шинэчилнэ. Он гаргаад метроны тендерийг олон улсад нээлттэй зарлана. 2028 онд метрог ашиглалтад оруулна.
Нийслэлийн иргэдийн ердөө 30 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. 2007 онд ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар энэ хувь 60 байжээ. Хамгийн олон автобус ирж зогсдог буудлуудаа шилэн, дотроо халдаг болгон тохижуулна. Энэ ажлыг хийх компаниудын дунд тендер зарлана.
Ирэх оны нэгдүгээр сарын 8-наас Нийслэлийн түгжрэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцохгүй. Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байна. Энэ хуулийг дагаж батлах журмуудыг ирэх сарын 15-ны дотор ИТХ батална.
Нийслэлд жилд 20 мянга орчим авто замын осол гардаг. Ослын дараа дунджаар 38 минут тэр хавийн зам дээр түгжирч байгааг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хугацааг бууруулахаар ажиллаж байна.