fitness
  • 359 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-12
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос уг зөвлөлд нэр дэвшүүлсэн болон нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо уг зөвлөлд:

  • Намжилдоржийн Энхбаяр
  • Жамсрандоржийн Дэлгэрсайхан
  • Нинжбатын Ууганбаатар
  • Амаржаргалын Энхбат
  • Равсалын Рэнцэнбазар
  • Лхагважавын Гангэрэл
  • Ланганы Отгонтуяа нарыг нэр дэвшүүлж, энэ сарын 10-нд Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулсан.

Нэр дэвшигчийн сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Чойжилсүрэн нар оролцжээ. Сонсголын тайланг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж болон нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор нар асуулт асууж, улсын төсвийн бодлогыг сайжруулах, тогтвортой байдлыг бэхжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг асуудлыг хөндөн ярив.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бус ажиллах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурал болон олон нийтэд хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхол болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй юм. Улсын Их Хурлын гишүүдийн хөндөн тавьсан асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй хүн нэг бүрээр нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтаар нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол явуулах замаар нийтийн албаны албан тушаалтнууд, удирдлагуудыг томилдог болсон нь аливаа институцийн хараат бус, тогтвортой байдлыг хангаж буй сайн жишиг болж байгааг онцлоод, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Засгийн газраас хараат бусаар ажиллаж төсвийн үр ашгийг хангах хариуцлагатай институц тул энэ чиглэлээр судалгаа, тооцоог тогтмол хийж, үр дүнтэй ажиллахыг шинээр томилогдсон гишүүдэд зөвлөлөө. Мөн Төсвийн байнгын хорооноос боловсруулж байгаа төсөв, татварын цогц реформ болон төрийн санхүү, нийтийн санхүүгийн шинэчлэлийн ажилд судалгаа, нотолгоо бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангаж, бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан “Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хаалттай хэлэлцүүлгээр үргэлжлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Бусад мэдээ

Манай улсын нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн доройтсон

Манай улсын нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн доройтсон

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуу

Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өглөө

Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өглөө

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.10.02/ огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгчээ. Тэрбээр огцрох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.