АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал болон Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт”-ыг 2025 оны тавдугаар сард Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус сургалтын төлөвлөлтийн талаар нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн бүсийн улсуудын агаарын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын төлөөлөл болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, холбогдох албаны төлөөллүүд уулзаж, ярилцлаа.
Учирч болох гамшиг, ослын үед агаарын зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг маш чухал. Тиймээс тус сургалтаар улс орнуудын агаарын тээвэрлэлт болон хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах гол зорилготойг уулзалтын үеэр онцоллоо.
Номхон далайн агаарын цэргийн командлалын А373 дивизийн номхон далайн элч сургуулийн төлөвлөгч Грэг Форнер “Бид сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт хээрийн сургалт, команд штабын сургалт гэсэн хэсэгтэй явагдана. 2025 оны 3 дугаар сард 6-7 улсын төлөөлөл Монгол Улсад ирж, анхны төлөвлөлтийн хурлыг хийхээр төлөвлөж байна” гэв.
ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Сургалтын үеэр Ази, номхон далайн 20 улсын 6 том агаарын хөлгөөр гамшиг тохиолдсон үед агаарын зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар явагдана. Маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт болно гэж бид харж байна” гэсэн юм.