Онцгой байдлын байгууллага Франц улсаас авсан гурван нисдэг тэрэгтэй байна. Харин галын машины тухайд хөөсөөр унтраах гурван машинтай. Одоо ашиглаж байгаа автомашинууд нь 5-8 давхарт гарсан галыг унтраах боломжтой байдаг аж.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр "Онцгой байдлын байгууллагад бүртгэлтэй гурван нисдэг тэрэг байдаг. Энэ нь Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орж ирсэн. Эдгээр нисдэг тэргээр үүрэг гүйцэтгэдэг.
Нисдэг тэрэг худалдан авах төсөв манайд байдаггүй. Францын төслийн хүрээнд хүлээж авсан гурван нисдэг тэрэгтэй" гэв.
Гал унтраах машины тухайд Монгол, Франц улсын “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх санхүүгийн хэлэлцээрийн дагуу өндөр барилгын гал унтраах машиныг жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр авах аж.
Ингэхдээ 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 ширхэг гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэгдэх юм байна.
"Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод есөн давхраас дээш өндөртэй 198 барилга бий.
Онцгой байдлын байгууллагад хөөсөөр гал унтраах зориулалттай гурван автомашин байгаа. Одоо ашиглаж байгаа автомашинууд 5-8 давхарт гарсан галыг унтраах боломжтой.
Франц улсаас авах 32, 42 метрийн шаттай машинтай болсноор 12-оос дээш давхарт гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх боломжтой болно" хэмээн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлж байсан юм.