"2001 онд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар баталж байв. Тус хөгжлийн үзэл баримтлалаар Монгол Улсыг эдийн засгийн таван бүс болгон хуваасан. Улаанбаатар бие даасан нэг бүстэй байх мөн тээврийн хэвтээ болон босоо тэнхлэгтэй байхаар тодорхойлсон юм. Гэвч энэхүү баримтлалыг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж ирээгүй үр дагавар хүн амын төвлөрлийг бий болгоод байна хэмээн Шинжлэх Ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэн, нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга доктор дэд профессор М.Алтанбагана Бүсчилсэн хөгжил хэлэлцүүлгийн үеэр хэлэв.
“БОЛОВСРОЛ, ЭДИЙН ЗАСАГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЧАДАХ ГАНЦХАН ХОТТОЙ УЧРААС ХҮН АМЫН ТӨВЛӨРӨЛ БИЙ БОЛСОН”
Тэрээр “Манай улсын иргэдийн 68 хувь нь хот суурин газар амьдардаг. Энэ нь бусад улстай харьцуулахад хотын төвлөрөл өндөр байна гэсэн үг. Тэгэхээр иргэд орчин үеийн хот буюу том хоттой болохыг хүсээд буй юм. Тухайн хот иргэдэд нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадах учраас хотод амьдрах сонголт хийгээд байна. Манай улсад эдгээр үйлчилгээг авахыг хүсвэл ганцхан Улаанбаатар хот л бий. Төвлөрлийг сааруулъя гэвэл томоохон хотуудыг бий болгох нь зөв.
Хоёрдугаарт, гадаадын, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид эрчим хүч, зам тээврийн харилцаа бүрдсэн бүс нутагт хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Бүсийн тэнхлэг, авто зам нь бүрдээгүй газар хэн ч хөрөнгө оруулахгүй. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлүүдэд хот, тэнхлэг орно.
Монгол Улсын Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг гэсэн авто зам, төмөр замын тэнхлэгийг дагаад нийт хүн амын 69 хувь буюу 10 хүн тутмын 7 нь суурьшсан байна. Гэтэл зүүн, баруун хэсгийн газар нутагт нийгэм, эдийн засгийн чухал оролцоотой тэнхлэг байхгүй. Хоёр жилийн өмнө баруун бүсийн авто замын тэнхлэгийг ашиглалтад оруулсан. Гэхдээ уг бүтээн байгуулалтыг 20 жилийн турш ярьсан. Ашиглалтад орсон даруйдаа л үр өгөөжөө өгсөн шүү дээ. Тухайн замаар ОХУ, БНХАУ-ын транзит тээвэр яваад эхэлчихсэн ба худалдааны эргэлт нэмэгдсэн. Энэ нь бүсийн нийгэм, эдийн засагт ач холбогдолтой болж байгаа юм.
Бүс нутгийн нийгэм, эдийн засагт зориулагдсан авто зам болон төмөр замыг барих цаг нь болсон.
Монгол Улсын газарзүйн байршил, хэлбэр хэмжээ нь төв азиас зүүн хойд ази хүртэл сунасан газар нутагтай. Иймээс тэнхлэгт суурилж бүс нутгаа хөгжүүлэх нь онолын хувьд зөв. Баруун, зүүн, төвийн хэсэгтээ босоо тэнхлэгтэй. Энэ тэнхлэгүүд төвийн бүсийн хэмжээнд худалдааны эргэлт экспорт, импортыг нэмэх ач холбогдолтой. Хамгийн гол нь тухайн бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй буюу боловсруулах аж ахуйн суурь дэд бүтэц болдог. Тэнхлэг болон боомт байж л байвал хөрөнгө оруулалтыг татах болно. Тухайлбал, Польш улсын газар нутаг бөөрөнхий хэлбэртэй. Тус улс нийслэлийн төвөөсөө нарны цацраг мэт салаалуулж хөгжлийн төлөвлөгөөгөө гаргажээ. Энэ нь тухайн бүсэд тохирсон төлөвлөгөө юм.
Манай улс бол тэнхлэгт суурилж төлөвлөх шаардлагатай байтал нарны цацраг мэт Улаанбаатар хотоо 21 аймагтай хатуу хучилттай авто замаар холбочихсон. Энэ нь процессын хувьд төвлөрлийг бий болгосон гэсэн үг.
Бидний судалгаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт Замын-Үүд болон Алтанбулагийн боомт буюу тэнхлэгийг даган ОХУ, БНХАУ-ын төмөр замтай холбогдож Европ руу тээвэрлэлт чиглэж байна. Тэгэхээр гаднын улсын замаар татвар төлж тээвэр хийж байснаас дотоодын замыг ашиглуулж тээвэр хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн нийгэм, эдийн засагт зориулагдсан авто зам болон төмөр замыг барих цаг нь болсон.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төсвийн орлогоо бодож нүүрс, эрдэс түүхий эдийн экспортод зориулж төмөр замын төлөвлөгөөтэй явж ирлээ. Энэ бодлого өмнө нь зөв байсан болох ч өнөөгийн нийгэмд 2050 он хүртэл эдийн засгаа төрөлжүүлэх дэд бүтэц, тэнхлэгийг байгуулах ёстой.
Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа судлаачид 69 эдийн засгийн микро бүсийг гаргасан.Үүнд дөрвөн сум нийлээд нэг суман дээрээ төвлөрнө. Төвлөрсөн сумандаа анхан шатны түүхий эдийн боловсруулалт хийнэ. Бусад гурван сум түүхий эдийг тасралтгүй нийлүүлнэ. Жишээ нь ноосны үйлдвэрлэл байж болно" гэсэн юм.