Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн, оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2022" Меркури цом гардуулах ёслол энэ сарын 27-нд боллоо.
Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгчдээс Гран при, оны онцлох арван аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинацаар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодруулав.
Оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэгээр Петровис Групп шалгарсан юм. Петровис Группийг төлөөлөн “НИК” компанийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат шагналаа гардан авав.
Энэ онд шатахууны нийлүүлэлт тасалдаж, шатахуун импортлогчдын хувьд амаргүй жил байв. Гэсэн ч Петровис Групп эдгээр хүндрэлийг амжилттай даван туулсан байна. Н.Наранбат захирал “ОХУ-Украины асуудлын улмаас ОХУ-ын дотоодод шатахууны хангамжид өнгөрсөн оноос эхлэн саатал үүссэн юм. Улсын хэмжээнд шатахуун тасрах эрсдэл үүссэн тул энэ асуудлыг давахын тулд нөөцийн зөв хуваарилалт хийх шаардлага үүссэн. Засгийн газар, бодлогын яамд, холбогдох агентлагууд, УБТЗ, ОХУ-д суугаа манай элчин сайд, Улаанбаатарт суугаа ОХУ-ын элчин сайд гээд олон байгууллага, хүний тусламж дэмжлэгээр бид шатахууны хангамжаа таслалгүй ирлээ” гэсэн юм.
Шатахуун импортлогч компаниудын хувьд хүндхэн жил байсан ч Петровис Групп нь нэг ч ажилтнаа цомхтгоогүй байна. Энэ оноос мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн хуулийн шинэ зохицуулалтын дагуу 150 ажлын байрыг шинээр бий болгожээ. Мөн ковидын дараах эдийн засгийн хүндрэл үргэлжилж буй өнөө үед АИ-92 авто бензинийг бусад импортлогчдын адил одоо ч алдагдалтай үнээр нийлүүлсээр байна.
2022 онд тус компани төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа амжилттай гүйцэтгэжээ. Толгойт агуулахаа өргөтгөн, 2000 метр кубын багтаамжтай хоёр сав угсран ашиглалтад оруулсан байна. Ингэснээр нөөцлөх шатахууны хэмжээ нэмэгдэх юм. Мөн шатахуун түгээх станцуудын урсгал засварууд, автоматжуулалтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн байна.
2023 онд Петровис Групп салбартаа тэргүүлэгчийн хувьд манлайлагчийн байр сууриа хадгалан ажиллах, шилдэг ажил олгогч байх, дижитал компани болох зорилт дэвшүүлжээ. Тодруулбал хүний оролцоотой ажлуудыг автоматжуулах, алслагдсан суман дахь шатахуун түгээх станцуудын мэдээллийн урсгалыг хурдасгах, шатахууны борлуулалтын хөдөлгөөнийг төвд хурдан хугацаанд хүлээн авдаг болох зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.