2023 оны IV улирлын байдлаар Улаанбаатарт 7323 айлын 165 хаус төсөл хэрэгжиж байна.
Нийслэлд хаусны зах зээл сүүлийн хоёр жилд эрс тэлж, нийлүүлэлт 53 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. 2023 оны IV улирлын байдлаар Улаанбаатарт 7323 айлын 165 хаус төсөл хэрэгжиж байгаагаас 4495 айлын 113 төсөл идэвхтэй захиалга авч байна. 1904 айлын 41 төсөл захиалгаа зогсоосон байдалтай байгаа аж.
Хэрэгжиж буй төслийн дийлэнх нь буюу 53 хувь нь Хан-Уул дүүрэгт байрлалтай. Налайх дүүрэгт маш цөөн буюу 0.8 хувь нь байрлаж байна.
Covid-19 цар тахлын улмаас амьдралын хэв маягт өөрчлөлт орж, зайнаас ажиллах боломжтой шийдлүүд гарч ирснээр хүн амын төвлөрөл харьцангуй хотын зах руу чиглэх хандлагатай болж байгааг “Тэнхлэг зууч” компани тайландаа онцолжээ. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдэж, хаусны нийлүүлэлт өсөж, дундаж үнэ нь сүүлийн гурван жилд тасралтгүй өссөн байна. Тухайлбал 2023 оны эцсийн байдлаар захиалга авч буй хауснуудын дундаж үнэ 4.7 сая төгрөг хүрсэн нь сүүлийн 10 жилийн хугацаанд 85.6 хувиар нэмэгдсэн дүн боллоо.
Хаусны үнийг зэрэглэлээр нь харахад стандарт зэрэглэлийнх нэг метр квадрат нь нэг сая төгрөгөөс эхэлж, дээд үнэ 7.8 орчим сая төгрөг байхад дундаж зэрэглэлийнх 2.15 сая төгрөгөөс эхэлж, дээд үнэ 7.91 сая төгрөг хүрч байна.
Байршлын хувьд Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй төслийн үнэ 2023 оны III улирлаас 4.1 хувиар буурсан ч 2022 оны эцэстэй харьцуулахад 20.8 хувиар буюу хамгийн их хувиар өсжээ.
Хэдийгээр хаусны зах зээл тэлж буй ч дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал сорилт дагуулж байгааг Монголын ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал тодотгож байсан юм.