Монголчууд билгийн улирлын сар шинийн баяраар ахмад настнуудынхаа амар мэндийг мэдэн золгодогтой адил Азийн олон улс хаврын баяр, цагаан сарыг онцгойлон тэмдэглэдэг уламжлалтай. Айлчлан ирж буй луу жилийг улс орнууд хэрхэн угтсан талаар тоймлон хүргэе.
------------------------------------------------------------------------------------------------------------------------
БНХАУ
Саяхныг хүртэл хүн амын тоогоор дэлхийд тэргүүлж байсан өмнөд хөрш цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тиймээс ч зарим улс оронд билгийн тооллын цагаан сарын баярыг Хятадын шинэ жил хэмээн нэрлэх нь бий. Хятадууд эл баярт онцгойлон ач холбогдол өгч, хагас сарын турш баярын уур амьсгал тасардаггүй.
Хятадын эртний домогт өгүүлснээр хаврын эхэн сард далайн ёроолд байдаг Ниан мангас гарч ирэн хүмүүсийг айлгадаг хэмээн үздэг. Тиймээс ч газар доорх мангасыг айлгахын тулд улаан өнгийн цаас шатааж, улаан лаа асааж, хаалган дээрээ ижил өнгийн чимэглэл наадаг уламжлал бий. Луу жил гарахын өмнө энэ уламжлалаа хэвээр хадгалж, хүмүүс сүм хийдүүдэд улаан лаа асааж, өнгө өнгийн салют буудуулахыг уриалж байв. Гэвч БНХАУ-д олон хотод салют буудуулахыг хориглосон учир хүмүүс лаа асаан баяраа тэмдэглэжээ. Төр засгийн зүгээс салют буудуулах нь агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ гэж үзсэнээс гадна аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргажээ.
АНУ
Цагаан сар бол зөвхөн Азийн баяр биш юм гэдгийг гэрчлэх нэгэн баримт бол АНУ, Англи болон Европын улс оронд энэ баярыг өргөн хүрээнд тэмдэглэх болсон. Дэлгүүр, худалдааны төвүүд цагаан сарын өмнө томоохон хэмжээний хямдрал зарлаж маркетинг явуулдаг. Калифорни болон Нью-Йорк мужид хамгийн олон хятад болон ази хүмүүс байдаг. Тиймээс ч эдгээр мужууд сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэжээ. Тухайлбал, The Golden State гэгддэг Калифорни мужид гудамжинд хүмүүс цуглаж, цэцгийн үзэсгэлэн дэлгэсэн бол Лос Анжелес хотноо өнгө өнгийн хувцастай хүмүүс луун бүжиг бүжиж, цагаан сард зориулсан парад зохион байгуулжээ.
БНСУ
Сар шинийн баярыг "Сеолал" гэж нэрлэдэг Өмнөд Солонгост хүмүүс өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, төрөлх нутгаа зорьдог. Гэр бүлээрээ ширээ дүүрэн идээ бэлтгэж, ахмад настан, ахан дүүстээ золгохдоо “ханбок” буюу үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Солонгосын баярын ширээг монголчуудтай адил манду буюу чимхсэн баншнаас гадна кимчигүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Энэ үеэр олон төрлийн амталсан мах, ногоо, цагаан будааны бялуутай шөл гэх мэт уламжлалт хоолоо голлон иддэг. Мөн ах дүү олноор цугладаг учир манай улс шиг уламжлалт тоглоомоо тоглож, цаасан шувуу хөөргөдөг.
Австрали
Сидней, Мельбурн зэрэг хотуудад азийн соёлыг илэрхийлсэн олон үзүүлбэр үзүүлснээр луу жилийг угтав. Тэднээс хамгийн алдартай нь Сиднейн сарны баяр бөгөөд улаан дэнлүү, урлагийн үзүүлбэр, ази хоолны фестиваль зэргийг зохион байгуулав.
Эдгээр нь Ази соёлыг хүндэтгэж байгаа Австралийн томоохон илэрхийлэл юм. Мөн Мельбурн хотын Хятад болон Солонгос хороолол зэрэг Азиуд голлосон бүс, дүүргүүдийг бусад хотуудад таниулан сурталчлахад томоохон үүрэг гүйцэтгэжээ.
Их Британи
Их Британийн олон хот Цагаан сарыг өргөн дэлгэр угтлаа. Лондон хотын төвд байрлах Chinatown, Трафальгарын талбай, Далайн үндэсний музей зэрэг газруудад азийн цагаан сарыг танилцуулсан өдөрлөг зохион байгуулагдаж, урлагийн тоглолт, гэр бүлд зориулсан олон арга хэмжээ болов. Мэдээж уламжлал ёсоор луун бүжиг олон хүний сонирхлыг татсан үзүүлбэрээр шалгарчээ.
Индонези
Индонези улс цагаан сар буюу Хаврын баярыг олон нийтийн баяр гэж үздэг. Тус улсын хувьд гол зоогийг гэр бүлээрээ сууж идэх ёстой учир гэр бүлийн баяр ч гэж үзэж болно. Энэ жил луу жил тохиож байгаа учир луун үзүүлбэр голлосноос гадна ресторан зоогийн газрууд энэ төрлийн чимэглэлүүдийг түлхүү сонгожээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ”
Б.Нямсүрэн