Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзжээ. Тэд хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцээр хийсэн байна.
Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг Буриадад эмчлэх юм.
Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар ярьж тохирсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлахаар Буриадын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монголд энэ сарын 25-нд иржээ.
Тэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Элэгний клиник, гепатит, энтеровирусийн лаборатори, Бүрэн геномын шинжилгээ (NGS)-ний лаборатори, Дархлаажуулалтын алба зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцсон байна.
Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашдагма, Нэгдсэн лабораторын албаны дарга Б.Бумдэлгэр, ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан зөвлөх Чирипов даба-Жалсан Шагжиевич, Эрүүлийг хамгаалахын сайдын зөвлөх Оканина Ольга Сергеевна, Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын төсөвт “ДОХ-ын халвараас урьдчилан сэргийлэх тэмцэх төв”ийн ерөнхий эмч Баглаева Светлана Сергеевна зэрэг албаныхан оролцжээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцохоор ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлэв.
Тэрээр цаашид гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг Буриадын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх ажлыг эхлүүлнэ гэв.