fitness
  • 315 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-15

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэв.

Тэрээр "Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, Парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.

жил гацсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо, засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө улс төрийн эр зориг гаргасанд, намчирхал талцлаас илүү язгуур эрх ашигтаа үнэнч байж, улсынхаа үсрэнгүй хөгжил, хүчирхэгжлийн гүн бат суурийг тавих үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр 8 дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм.

Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэж, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг, ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт, шударга нийгмийг төлөвшүүлэх, ард нийтээрээ сайхан амьдрахын төлөө л зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөрт хүргэлээ. Тиймээс туршлага, сургамжаа шүүн тунгаах, алдаа бурууг засаж залруулах, үүний тулд тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давалгаа болж өрнөж байна. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн.

“Чиглэлийг нь тодорхойлж үл болох, үй түмэн молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөнийг нэг зүгт эмхлэн чиглүүлбэл энерги болж хувирдаг” физикийн ердийн онол нийгмийн хөгжил, хөдөлгөөнд ч хамаатай. Цэгцрэхийн төлөөх ард олны энэ эрчилсэн хөдөлгөөнийг Улсын Их Хурал мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан гэж үзэж байна. Улс төр судлаач, эрдэмтэн Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн “хагархай цонхны онол”-ыг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол “Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой.

Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно” гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг тэр дор нь засаж шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг.  Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй.

“Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэ хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийсэн улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформууд хагархай цонхуудаа бүтэн болгоод зогсохгүй, цаашид цонх хагарахгүй байх дархлааг бий болгоход чиглэсэн юм.

Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь ардчилсан Монгол Улс оршин тогтнохын нэг үндсэн баталгаа юм. Тиймээс 2021 оны хаврын чуулганаа “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлаж, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, монгол хүний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

Энэ хаврын чуулганаар эдгээр эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно. Орлогын тэгш бус байдлыг арилгах, тогтвортой өсөлттэй, өсөлтийн үр шим нь иргэндээ, айл өрхдөө хүртдэг эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэхийг ард иргэд шаардаж, парламент ч энэ чиглэлд онцгой анхаарч байгаа. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс.

Үүгээрээ бид бахархдаг. Харвардын их сургуулийн профессор Ричард Вийтор “Улс орнууд хэрхэн өрсөлддөг вэ” номдоо “Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүний хүчин чадал нь хүний нөөц, технологийн нөөц, капиталын нөөц, газар нутаг- байгалийн нөөцөөс хамаарна” гэжээ. Тэгвэл бидэнд 1.5 сая ам. дөрвөлжин км өргөн уудам, үржил шимт, үзэсгэлэнт сайхан газар нутаг бий. Байгалийн асар их баялгаараа дэлхийд гайхагддаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс хэнээс ч үл хамааран, үнэ цэнэтэй оршин тогтнох, Монголын ондоошил, ижилслийг дэлхийд дархлах хангалттай боломж байна.

Энэ боломж нь Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх чухал хүчин зүйл мөн. Түүнийг эрх зүйн шинэчлэлээр дэмжих ёстой. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Монгол хүн монгол газартаа, Монголынхоо баялагт эзэн нь байх ёстой гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг энэ парламент тууштай мөрдсөн. “D-petition” системээр иргэдээс ирүүлсэн татвар, нийгмийн даатгал, тэтгэмж, газар эзэмших, ашиглахтай холбоотой нийтийн өргөдлүүдэд бид хуулийн дагуу хариу өгөх ёстой.

Татварын цогц реформ хийх, Газрын тухай хуулийг шинэчлэн батлахдаа иргэдийнхээ ирүүлсэн эдгээр саналыг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой. “Ногоон автобус”-ны хэрэг, Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд Нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой.

Хууль бусаар бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний жижигхэн ордыг төр, ард түмний өмчлөлд буцаан авснаар 400 гаруй мянган ахмадын 900 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүйд нь нөхөх олговор олгож байсныг та бүхэн санаж байгаа байх. Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна.  Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм.

Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы бас нэг чухал зорилт байх болно.

Нөгөө талаар парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, шинжлэх ухаанч мэтгэлцээн, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох засаглалыг төлөвшүүлэх үзэл баримтлалд суурилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг батлах чухал үүрэг, хариуцлага биднийг хүлээж байна" гэлээ.

Бусад мэдээ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ши

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongol

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн