Малчдыг нэгтгэсэн Монголын Үндэсний Стандарт Хоршоо/MҮСХ/ Хоршооны тухай хууль болон дүрмийнхээ хүрээнд бүх гишүүдийнхээ ээлжит хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
МҮСХ нь нийт 11 аймгийн, 16 сумын 2000 гаруй малчдыг нэгтгэсэн дундын хоршоо юм. Тус дундын хоршооны гишүүн хоршоод нь 2020 онд ХХААХҮЯ-наас баталсан MNS 6891:2020 “Хариуцлагатай Нүүдэлчин” стандарт ханган, мөшгөх систем ашиглаж малынхаа мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнээс гадна ноос, ноолуур зэрэг бүхий л дагалдах түүхий эдийг зах зээлд өндөр үнээр тогтвортой нийлүүлж чаддаг юм. Ингэснээр малчид, хоршоод, үйлдвэрлэгчид хамтдаа тойрог эдийн засгийг үүсгэж, малчдын амьжиргааг дээшлүүлж уламжлалт мал маллагаа, өв соёлыг хадгалж авч үлдэхийн төлөө ажиллаж байна.
Түүнчлэн МҮСХ нь 2023 оны хавар Зүүн аймагт гарсан ой тал хээрийн түймэрт мөнгөн тусламж, 2024 оны 2-р сард эхэлсэн зудад өртсөн хамтран ажилласан гишүүн малчдадаа хивэг тэжээлийн тусламж үзүүлсэн юм.
Г.Нандинжаргал: /Монголын Үндэсний Стандарт Хоршоо, Гүйцэтгэх захирал/
“Малын тоо, толгой ихсэх тусам малаас авч ашигладаг түүхий эдийн тоо, төрөл цөөрдөг. Жишээ нь олон малтай айл хүн хүчний хомсдол болон боломжит нөөцөөсөө шалтгаалан зөвхөн мах, ноолуур зэрэг үнэлэмж өндөртэй түүхий эдийг борлуулаад бусдыг нь зах зээлд нийлүүлж чаддаггүй (бараг хаядаг) гэхэд хилсдэхгүй. Мөн малын тоо толгойгоос хамаарч бэлчээр доройтож, бэлчээрийн даац хэтрэхэд хүрдэг. Иймээс уламжлалт мал аж ахуйгаа урт хугацаанд авч үлдэхийн тулд үндэс суурь болсон бэлчээрээ хайрлан хамгаалах, малын тоонд бус чанарт анхаарах, мөн малчдын нэгдлийг /хоршоо/ хөгжүүлэх шаардлагатай юм.
Иймд манай МҮСХ нь гишүүн хоршоодоороо дамжуулан “Хариуцлагатай Нүүдэлчин” стандартыг хангаж мөрддөг малчдаас малын гаралтай түүхий эдийг нь зах зээлийн үнэлгээнээс боломжит өндөр үнээр худалдан авч, нэмэлт урамшуулал өгч, эдийн засгийн эргэлтэд оруулан, дотоод болон гадаадын хариуцлагатай үйлдвэрлэгчид рүү шууд нийлүүлэн ажилладаг юм. Бид хоршооны тухай хууль болон дундын хоршооны дүрмийн дагуу 2023 онд хийсэн борлуулалтын ашгаасаа гишүүн хоршооддоо ногдол ашгийг Нийлүүлсэн бүтээгдэхүүн, Гэрээний биелэлт болон Хувь нийлүүлсэн хөрөнгөнд нь дүйцүүлэн тараагаад байна. Хоршоо бол мөнгө өсгөж хуримтлуулдаг ашгийн төлөө байгууллага огтхон ч биш. Харин хоршоо бол хүмүүс хамтран нийгэм эдийн засаг, соёлынхоо нийтлэг хэрэгцээг хангахын төлөө хүн бүр оролцож хүний капиталаа нийгмийн капитал болгож бүтээдэг ашгийн төлөө бус байгууллага юм.
Бид ингэж ажилласнаараа Монгол улсад зөв зарчмаар ажилладаг жишиг, загвар хоршоодыг бий болгох үндэс суурийг бэхжүүлж, тэдэнд тусална, тэдний сайн хамтрагч байна гэж харж байгаа юм.
Анхан шатны хоршоод малчдаасаа бэлтгэсэн түүхий эдээ МҮСХ-оор дамжуулан хариуцлагатай үйлдвэрлэгчид рүү нийлүүлэн хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болж буйг “Мийт Пак” ХХК-ийн мах ангилан боловсруулах үйлдвэрээр зочлон танилцсан юм.
Б.Батмөнх: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Дорнод-Галуут” анхан шатны хоршооны дарга, малчин
Бид 2023 онд 382 тооны үхрийн мах, 737 тооны хонины махыг гишүүн малчдаасаа цуглуулан, МҮСХ-оор дамжуулж “Мийт Пак” ХХК руу нийлүүлсэн. Мийт Пак ХХК нь бидний нийлүүлсэн малын махыг лабарторийн шинжилгээгээр баталгаажуулж, үйлдвэрийн аргаар төхөөрүүлэн, эрүүл ахуйн шаардлага төдийгүй Олон улсын ISO 22000:2018 стандарт хангасан өөрийн үйлдвэртээ ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчийн гар дээр эрүүл аюулгүй хүргэдгийг өөрийн нүдээр үзэж сонирхлоо. Мөн МҮСХ-д нэгдсэнээр нийлүүлсэн бүтээгдэхүүн, гэрээний биелэлт болон хувь нийлүүлсэн хөрөнгөндөө тулгуурласан ногдол ашиг хүртсэндээ сэтгэл хангалуун буцах гэж байна. Энэ талаар хурдан очиж малчдадаа дуулгахыг хүсэж байна.
Д.Бурмаа: /Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ, Гүйцэтгэх захирал/
Монгол улс бэлчээрийн мал аж ахуйг хадгалан, төгөлдөржүүлэн авч явахын тулд бэлчээрийн менежментийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа. 2023 оны тоо мэдээнээс харахад Монгол улсын малын тоо 70 саяд хүрсэн байна. Малын тоо толгойг жилд хамгийн багадаа 8 хүртэл хувиар бууруулах нь бэлчээрийн даац хэтэрч малын бүтээмж буурахаас сэргийлнэ. МБАНХ нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын нэгдэл, хоршоог хөгжүүлэх, “Хариуцлагатай Нүүдэлчин” стандартыг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тус стандартыг хангасан малчид л зөвхөн түүхий эдээ зах зээлд нэмүү өртөг шингээн өндөр үнээр тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм.
“Монголын Үндэсний Стандарт Хоршоо” дундын хоршоонд элсэх, хамтран ажиллах, мэдээлэл авах сонирхолтой хоршоод болон аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид манай байгууллагын доорх утсаар холбогдох боломжтой. Бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Холбогдох утас: 7777-4020