Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй Сөүл хотноо уулзжээ.
Тэрбээр БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв.
2023 онд Монгол Улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэж, 140,000-д хүрч хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Экспорт-Импорт банкны Дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзаж, 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, цар хүрээгээ шинэчлэх талаар ярилцав.
Талууд Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал нүхэн гарц, гүүр, авто замын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдлээ.
БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн Банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэв.
Эх сурвалж: ЗГХМОНХА