Энэ оны нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджын орчим, зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудаар олон жилийн дунджаас ялимгүй их цастай байх төлөвтэй байгаа. Тэгвэл хоёр есийн хүйтэн эхэлсэн энэ үед манай улсын нийт нутгийн 60 орчим хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа хэмээн салбарын сайд нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар дурдлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, Алтай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их хэмжээний цасан бүрхүүл тогтоод буй. Энэ нөхцөл байдалд хамгийн эрсдэлт бүлэг бол малчид болон хувирч байгаа юм.
Улсын хэмжээнд 188.6 мянган малчны 71 сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Тэгвэл малчдын төдийгүй салбар яамны өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсаныг энэ хавар дүгнэх нээ.
Түүнээс өмнө энэ бүлгийнхний асуудлыг хэрхэх, цас ихтэй хүндрэлтэй байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллах нь чухал. Зудын эрсдэлийг дүгнэвэл нийт нутгийн 60 орчим хувьд их, 30 орчимд дунд зэргийн, 10-д нь бага эрсдэл бий гэх урьдчилсан таамаглалтай байгаа. Товчхондоо дэлхийн дулаарал, цаг агаарын нөхцөл байдал цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй. Магадгүй зудын асуудал энэ өвөл анхаарах ёстой гол сэдэв болохыг ч үгүйсгэхгүй юм.
Алслагдмал нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж, эрсдэлээс сэргийлэхийн тулд зарим аймгийн сумдын Засаг даргын тамгын газар болон аврах анги, эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашин олгосон байна.
Цас зудны хүндрэлээс малчдаа аврахын тулд энэ мэт нь зайлшгүй байх ёстой зүйл болохоос гавьяа байгуулсан аятайгаар машин олгосноо дурдаад байх нь зохилтой биш. Харин малчид маань хэдэн малаа онд оруулах гэж хамаг байдгаа тавих нь баараггүй.
Өвлийг хохирол багатай давъя гэсэн ч хэдийн мал хотноосоо гарч бэлчих ямар ч боломжгүй болсон хэмээн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дурдлаа. Товчоор хэлбэл орон нутгийн нөхцөл байдал хоёр есийн үед ийм байдалд хүрсэн бол өвөлжилт хүндэрч, цаашлаад хаврын улиралд харын болон туурайн зудын эрсдэл отож буй ажээ.