Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Түүний хариултыг багцлан хүргэж байна.
-Сүүлийн 15 жилд Боловсролын Зээлийн Сангаас 2,200 хүн зээл авсан. Үүнээс 941 хүн хууль зөрчиж хөнгөлөлт эдэлсэн асуудлыг АТГ, цагдаагийн мөрдөх байгууллага шалгаж байгаа. Хуулийн байгууллага ямар үндэслэлээр зээлийг чөлөөлснийг нэг бүрчлэн шалгаж байгаа.
-Боловсролын Зээлийн Сангийн мэдээллүүдийг анх БШУЯ ил болгосон, О.Сийлэгмаа, О.Батнайрамдал гэж хүн ил болгоогүй. Үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой.
-Нэр бүхий сэтгүүлч эмэгтэйтэй амьдралдаа нүүр тулж уулзаагүй, нэг ч утасдаагүй. УИХ-д олон жил байхдаа хэн нэг сэтгүүлч рүү ярьж, мөнгө төгрөг өгдөг зан, хүмүүжил байхгүй. Сонгууль дөхөхөөр хэн нэгний нэрийг санаатайгаар шавартай хутгадаг зохион байгуулалтад байж болохгүй.
-О.Сийлэгмаа гэдэг эмэгтэй намайг 2004 онд УИХ-ын гишүүн болсон юм шиг ярьж байсан. Би 2012 онд УИХ-ын гишүүн болсон юм.
-Манай намын О.Батнайрамдалын БЗС-гаас зээл авах тушаал нь гарсан ч ашиглаагүй. Гэтэл надад зээл өгөөгүй, Харвард явахдаа хасагдсан гэсэн байдлаар иргэдийг буруу мэдээллээр хангадаг, турхирдаг, улс төрийн сонгуулийн оноо хайж буй явуургүй үйлдлүүд байж болохгүй гэж бодож байна.
-Боловсролын Зээлийн Сангаас олгогдсон зээлээс 18 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна. Нэр бүхий улс төрчдийн хүүхдүүд илүү их эргэн төлөлт хийсэн. Энэ мэдээллүүд БЗС-д нээлттэй байгаа.
-Монголбанкны хар жагсаалтад оруулах хүсэлт өгсөн ч 941 хүүхдэд чөлөөлөлт хийсэн нь хууль бус эсэхийг тогтоохоор хуулийн байгууллага шалгаж байна. Зээлд орон сууц барьцаалдаг бөгөөд үл хөдлөх хөрөнгүүд нь бий.
-Дарга нар, баячуудын хүүхдүүдийг БЗС-гийн зээлээс чөлөөлсөн сайд нь Л.Гантөмөр, Л.Энх-Амгалан гэж нэрлэж байгаа юм билээ. Л.Гантөмөр дөрвөн жил сайдаар ажилласан, би гурван жил. Удаан жил ажиллаж байгаа сайд олон чөлөөлөлт хийсэн байх логиктой.
-Сайд нараас хэн, хэдэн хууль бус зээлийн чөлөөлөлт хийснийг хуулийн байгууллага тогтооно.
-Их, дээд сургуулийн эрэмбэлж, өнгөрсөн жил 26 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Засгийн газраас их, дээд сургуульд тавигдах стандартыг шинэчилнэ. Үүний дараа их, дээд сургуулийг дахин эрэмбэлнэ.
-Шинэ хуулиар дээд сургууль гэж байхгүй болно. Цаашид 20-30 их сургуультай байх болов уу.