Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам 12 дахь жилдээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “22 авто худалдааны цогцолбор”-т болно.
“Power Expo Festival” наадамд оролцохоор БНХАУ-ын автомашин мотоциклийн холбоо, дрифтийн үндэсний багийн гурван тамирчин, инженер механик, техникийн ажилчдын хамтаар 17 хүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод иржээ. Тэд фестивалийн хүрээнд манай орны болон Япон улсын тамирчидтай өрсөлдөх юм.
Япон улсын D1 GP-ийн топ 10 тамирчны нэг Акинори Үцүми “Power Expo Festival”-д оролцохоор хоёр өдрийн өмнө Улаанбаатар хотод ирсэн байна.
“POWER EXPO” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР
Эхний өдөр сонирхогчдын болон мэргэжлийн ангиллын нэг, хоёрдугаар үе, автобусны ур чадварын үзүүлбэр болохоос гадна авто парад болно. Үүнээс гадна “Power Expo” фестивальд оролцож буй БНХАУ болон Япон Улсын тамирчид мэндчилгээ дэвшүүлнэ.
Харин хоёр дахь өдөр “Power Expo Festival” наадмын албан ёсны нээлт болно. Нээлтэд яам, нийслэлийн удирдлагууд, элчин сайдууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, тамирчдын төлөөлөл оролцоно.
Мөн мэргэжлийн болон сонирхогчдын ангиллын сүүлийн шатууд, SURIAN TALARIA бартаат тэмцээн, "VIP AUTO CLUB"-ын мэндчилгээ, үзэгчдийн дундах тэмцээн болон "MOVIE NIGHT" болно.
Наадмын сүүлийн өдөр олон улсын "DRIFT BATTLE, UB BIKERS CLUB"-ын мэндчилгээ, олон улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатууд, шагнал гардуулах үйл ажиллагаа, хаалтын шоу гэх мэт маш олон сонирхолтой, “гал гарсан” үйл ажиллагаа болох юм.
Харин “Expo Zone”-д 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дрифтийн уралдаан, дрифт такси үйлчилгээ гэх мэт авто спорт сонирхогчдын анхаарлыг татсан олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Соёл Урлагийн Газар