fitness
  • 360 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-22

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журмыг хуульчлан зохицуулна. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн далбааг байнга мандуулах газрыг тодорхойлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллага төрийн бэлгэ тэмдгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед Төрийн сүлд, далбаагаа барих байрлуулах, мандуулах буюу Төрийн дууллыг эгшиглүүлж болохоор заасан.

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг байнга мандуулах эрх зүйн орчинг сайжруулах, түүнчлэн төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулах зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.

Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Бусад мэдээ

Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн 12 шүүгчийг томилжээ

Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн 12 шүүгчийг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авсан байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжлээ

Даралт ихсэх өвчнийг төдийлөн ойшоохгүй хандлага иргэдийн дунд бий. Цусны даралт өндөр байх нь зүрхн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн