OSCE буюу Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар төлөвлөн хороо байгуулжээ. Сонгууль ажиглах хороо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн байна. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин Сайд Женнифер Браш удирдана. Тэргүүн дэд даргаар Серби улсаас Ранко Вучэвик, улс төрийн шинжээчээр Унгар улсаас Жулиа Манчин, хуулийн шинжээчээр Грек улсаас Мариана Скопа, Болгар улсаас Ваня Ангуэлова, хэвлэл мэдээллийн шинжээчээр Словак улсаас Иван Годарски нар ажиллахаар ирснийг танилцуулжээ.
Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас тавдугаар сарын 28-наас аймгуудаар урт хугацааны ажиглагчдыг томилж ажиллуулах юм байна.
Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнө 250 ажиглагчийг богино хугацаагаар ирүүлж ажиллуулахаар гишүүн орнуудад хүсэлт явуулснаа багийн ахлагч мэдээлэв.
Тэд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.
Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас гадна санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана.
Сонгуулийн дараагийн өдөр урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтэлнэ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.