Жижиг хөрөнгө оруулагчдын ихэнх нь өөрсдийн мэдээ уншдаг газраасаа арилжааны зөвлөгөө бас авч байна. Тэр нь сошиал сүлжээ. Санхүү, мөнгөний зөвлөгөө сошиал сүлжээнд нийтэлдэг “Finfluencer”-үүд буюу санхүүгийн “Influencer”-үүд сүүлийн жилүүдэд “Instagram”, “TikTok”, “YouTube” зэрэг платформууд дээр хүчээ авсаар буй.
Хэдий тийм боловч тэрхүү “Finfluencer”-үүд санхүүгийн зөвлөгөө өгөх талд өөрсдөө нэлээд тааруу болохыг шинэ судалгаа харуулж байна.
Алдагдалд хөтлөгсөд
Санхүүгийн өндөр чанартай мэдээллийг илүү хүртээмжтэй болгох нь мэдээж сайн зүйл. Хувийн санхүүгийн ертөнц голчлон дундаж давхарга, эсвэл чинээлэг эрхмүүд рүү чиглэсээр ирсэн. Хэдий тийм ч өдгөө сошиалд нийтлэгдэж буй санхүүгийн зөвлөгөөнүүд ихэвчлэн агуулгаар тарчиг, эсвэл бүр хор хөнөөлтэй байна. Цаашлаад тэдгээрээс болж хүмүүс зөвхөн мөнгөө алдаад зогсохгүй итгэлээ ч бас алдана гэсэн үг юм. Итгэлийг дахин бүрэлдүүлэхэд улам хэцүү болсоор байгаа өнөөгийн дэлхийд шүү дээ.
Калифорни, Беркели зэрэг их сургуулиудын дөрвөн профессорын хамтран гаргасан “Finfluencers” нэртэй судалгааг харцгаая. Тус судалгаагаар “Twitter” дээрх 29 мянган санхүүгийн “Influencer”-ийн жиргээнд дүн шинжилгээ хийсэн байна.
Хүлээлт ёсоор тэдний хувьцааны сонголт тун тааруу байж, 56 хувь нь “анти-ур чадвартай” буюу зөвлөгөөг нь дагавал хүртэх өгөөж хасах утгатай гэж дүгнэгджээ. Сард дунджаар 2.3 хувийн алдагдал хүлээхээр байгаа тул хэрэв та оны эхэнд тэдний сонгосон хувьцаанд 100 ам.долларын хөрөнгө оруулбал оны эцэст 75.80 ам.доллартой болно гэсэн үг юм.
Харин зөвлөгөөг нь дагавал сарын 2.6 хувийн өгөөж хүртэх боломжтой буюу ур чадвартай “Finfluencer”-ийн эзлэх хувь 28 байсан байна. Гэтэл тэднээс илүү олон дагагчтай, мөн бага дүнтэй арилжаанд илүү нөлөөтэй нь өнөөх алдагдалд хөтөлдөг “Finfluencer”-үүд байсан аж.
Хар уу, цагаан уу?
Судлаачид мөн тэдгээр “Finfluencer”-үүд зах зээлд сөрөг буюу илүү пессимист хүлээлттэй байх хандлагатайг тогтоожээ. Дагагчдынхаа зах зээлийн хүлээлт байнга хэлбэлзэлтэй байхад ч бас нөлөөлдөг байна. Тэгэхээр хүмүүс тэднээс санхүүгийн, амьдралын тааруу зөвлөгөө аваад зогсохгүй зах зээлийн төлөв ерөнхийдөө бүрхэг гэсэн ойлголт авдаг байх нь.
Жишээ дурдвал, “S&P 500 Index” 2000 оноос хойш 434 хувиар өссөн байна. 2000 онд тус индексэд 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, мөн бүх ногдол ашгаараа дахин хөрөнгө оруулсан гэж тооцвол 2024 оны эцэст та 553.47 ам.доллартой болох юм. Тэгэхээр зах зээлийн бодит байдал “анти” “Finfluencer”-үүдийн хүлээлтийн эсрэг болж таарч байна.
Цар тахал хүмүүсийн дэлгэцтэй “нөхөрлөх” цагийг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн жижиг хөрөнгө оруулалт өсөж, “meme” хувьцааны халуурал эхэлснээр “Finfluencer”-үүд цахим орчинд хүчээ авахад нөлөөлжээ. Тухайлбал: “GameStop”, “AMC” зэрэг “Finfluencer”-үүд алдартай болгосон “meme” хувьцаанууд бий. Тэдгээр хувьцааг авсан шинэ хөрөнгө оруулагчид олон ч өндөр савлагаа, олныг талцуулдаг байдлаас нь болж хүмүүс зах зээлийг казино мэтээр харж эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, CFA институтийн нэгдүгээр сард хэвлүүлсэн судалгаагаар “Z” үеийн хөрөнгө оруулагчид сошиал сүлжээн дэх санхүүгийн “Influencer”-үүдээс хөрөнгө оруулалтын заавар, зөвлөмж авах нь хамгийн түгээмэл болохыг тогтоожээ. Эцэст нь дүгнэхэд сөрөг хүлээлт нь хандалт авахад сайн нөлөөтэй ч хөрөнгө оруулалтад нэлээн тааруу үр дүнтэйг “Finfluencer”-үүд харуулж байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com