Тайландын Бангкок хотод есөн өдрийн турш үргэлжилж буй боксын олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Манай боксчдоос эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал нар олимпын эрхийн сүүлийн тойрогт тунаж үлдсэн билээ.
М.Энхжаргал Канадын боксчин Скарлетт Делгадог ялснаар Венесуэлийн Йонна Гомезтой сүүлийн даваанд учраа таарсан юм.
Манай тамирчин туршлагатай өрсөлдөгчөө 3:2-оор буулган авснаар боксын төрлөөр "Парис 2024" олимпын хоёр дахь эрхийг авчирлаа.
Түүнээс өмнө эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн 2022 оны Азийн Наадмаар олимпын эрх авсан билээ.
Эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ олимпын эрхийн төлөө АНУ-ын Роско Хиллтэй 15:45 цагаас тулалдах юм.