fitness
  • 132 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-10
Өсөхжаргал ахынхаа болон Пүрэвсүрэн найзынхаа гэр бүл болон найз нөхөд таньдаг бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байнаа. Та хоёртойгоо оргил хүртэл хамт авирч чадаагүй дээ, сүүлийн мөч хүртэл нь хамт байж, хамгаалж чадаагүй дээ, эх орондоо эрүүл саруул авчирч чадаагүй дээ үнэхээр их харамсаж байнаа. Миний хувьд туршлага дутсан, шерпагүй хоёулангийн дээш нь авируулсан, сүүлийн үеийн байрлал заагч ашиглаагүй, багийн ахлагчийн үүргээ сайн биелүүлээгүй гээд зөндөө л алдаа гаргасан. Мэдээний сайт болон бусад сошиал хэрэгсэлээр худал мэдээллүүд их явж байгаа болохоор миний хувьд авиралтын үнэн зөв, бодит мэдээллийг товчхон бичэе. Эверест бол уулчин хүн болгоны л мөрөөдөл байдаг. Ууланд авирч эхлэснээс хойш хүн болгон л Эверестэд авирч оргилд гарахыг л мөрөөддөг. Манай багийн хувьд бол өнгөрсөн жилээс Эверестэд авирах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Ууланд дан ганц эр зоригоор авирдаггүй ээ. Тухайн ууланд авирахаар бодож эхэлсэнээс хойш, бэлтгэлийн төлөвлөгөө, авиралтын төлөвлөгөө, авиралтын зам болон, авиралтын төрлөө сонгож, өмнө нь авирч байсан хүмүүсийн мэдээлэл авдаг. Мөн өмнө нь авирч байсан манай уулчдад үйлчилж байсан 8К компанийг сонгосон. 8К компаниас үндсэн отгийн бүх үйлчилгээ, 2-р отгийн хоол майхан, 3 болон 4-р отог дээр зөвхөн майхан ашиглах үйлчилгээг авахаар тохирсон билээ. Бид 3 ийм л төлөвлөгөөгөөр л явсан. Манай багийн хувьд сайн судлаж үзээд шерпагүй буюу хөтөчгүй, Өсөхжаргал ахын хувьд хүчилтөрөгчтэй, Пүрэвсүрэн бид хоёр хүчилтөрөгчгүй авирахаар зорьсон. Бид 3 бүх шийдвэрүүдээ байнга ярилцаж гаргадаг байсан. 4 сарын 5нд Жи Си АЙ клубын 6 гишүүн, Улаанбаатар аялагч клубын 1 гишүүн маань бид гурвыг Эверестийн үндсэн отог хүртэл гаргаж өгөхөөр цуг явсан. 4 сарын 7-ны өдрөөс үндсэн отог хүртэлх явах алхалт маань эхлэсэн. Замдаа зүүн Лобуче оргилд гарахаар бас төлөвлөсөн. 4 сарын 15нд Гималайн нурууны зүүн ЛОБУЧЕ /6165м/ өндөр оргилд 2 шерпагийн хамт нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Лобуче оргил өндөрт дасах болон биеийн бэлтгэлд сайн нөлөөлсөн. Авиралтын дараа бүгдээрээ үндсэн отог дээр очиж, бусад багийн гишүүд маань буцаж, бид 3 авиралтаа хийхээр үндсэн отог дээр үлдсэн. Авирах хүртэл уул аргадах Пуржа ёслол, Хумбу мөсөн голын 1 удаагийн бэлтгэл, өндөрт биеээ дасгах 2 удаагийн бэлтгэлийг хийсэн. 2 дахь удаагийн бэлтгэлээр 3-р отог буюу 7200 метр хүртэл бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн хугацаанд хумбу мөсөн голын хана нурах, Лхоце-ийн нүүрнээс чулуу нурах г.м. эрсдэлүүд гарч байсан. 8К компаниас зарим мэдээллийг буруу өгсөн байсан. Буруу мэдэээлэл дээр бас залруулга хийе. 1. 8К компаниас 100% үнэгүй шерпа бол санал болгоогүй ээ. Авирах боломжтой шерпа олдвол компаний нэмэлт төлбөр авахгүйгээр, шерпаны гарын мөнгө болох 2500$ болон авиралтын үед хөтчийн зарцуулсан хүчилтөрөгчийн мөнгийг төлөөд шерпа авч болно гэж хэлсэн. Манай багийн хувьд бол авиралт эхлэхээс өмнө шерпагүй авирна гэж төлөвлөсөн. Хэрвээ бэлтгэлийн үед бие дасахгүй хэцүү байвал, авиралтын үед шерпатай авирна гэж ярилцсан байсан. Хэрвээ шерпа авахаар байсан бол мөнгө нь ч гэсэн хангалттай байсан. Мөнгөгүй байсан болохоор шерпа аваагүй гэдэг ойлголт буруу. Өндөр авалтын бэлтгэлийн үед 3лаа биеийн бэлтгэл болон сэтгэл санааны бэлтгэл сайн байсан болохоор шерпа аваагүй юмаа. 2. Цаг агаар муу байхад зөрөөд явсан гэсэн байсан. Энэ мэдээлэл ч гэсэн бас худлаа. Бид 3 цаг агаарын мэдээ хараад, 8К захирал Лакпа-с цаг агаарыг нягталж асуугаад 5 сарын 8нд үндсэн отгоос гарахаар төлөвлөсөн байсан. Харин 5 сарын 8-ны өдөр Лакпа 5 сарын 9-ны өдөр гараарай гэсэн. 5 сарын 9-ны орой үндсэн отгоос хөдөлсөн. Хамгийн сүүлд цаг агаар харахад 5 сарын 13нд цаг агаар сайхан, цэлмэг, оргил дээр салхины 35-40км/цагийн хурдтай байсан. 5 сарын 12 - 17 хүртэл бол цаг агаарын мэдээ, салхины хурд зөрж байсан. 3. Өсөхөө ахын хувьд Непалд очихоос өмнө 4 хүчилтөрөгч захиалсан байсан. Хүчилтөрөгчөө бүгдийг нь 4-р отгоос авахаар тохирсон байсан. Пүүжээ болохоор хамгийн эхний өндөр авалтын дараа үндсэн отгоос хоёр хүчилтөрөгч авсан. 4-р отгоос дээш 4-5 ширхэг хүчилтөрөгчтэй авирсан. 5 сарын 9-ны орой 23:10 цагаас үндсэн отгоос хөдөлсөн. Үндсэн отгоос шөнөжингөө Хумбу мөсөн голоор явж, 1-р отог дээр үүрээр очиж хэсэг унтаад цааш 2-р отог дээр 5 сарын 10-ны өдөр очсон. Өмнөх бэлтгэл дээр мешок болон авиралтын комбинзон, бусад хэрэгтэй зүйлсээ 2-р отог дээр авчирсан байсан. Оройн хоолны дараа бид 3 амрахаар хэвтсэн. Миний хувьд зүрхнээс болоод тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй ээ. Эм уусан ч зүгээр болоогүй ээ. Дээр нь бас хоолны зуршил нилээн буурсан. 5 сарын 11-ны өглөөний цай уусны дараа бүх ачаагаа бэлтгээд 3-р отог уруу хөдөлсөн. Ачаа бол 20 орчим кг байсан. Ачаа хүнд болохоор нилээн удаан алхсан. 3-р отог дээр Өсөхөө ах түрүүлж очиж, Пүүжээ бид хоёр 40 орчим минутын дараа очсон. Пүүжээ болохоор намайг хүлээгээд нилээн удаан явсан. Бид хоёр хүчилтөрөгч үүрсэн болохоор ачаа хүнд байсан. 3-р отогт очиход 8К компаний нэг майхан барьсан байсан. Эхлээд Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даан ч санаагүй ээ. Тэр шөл бол үнэхээр гоё амттай байсан. Оройн хоолоо идсэний дараа амрахаар хэвтсэн. Миний хувьд бас л сайн амарч чадаагүй ээ, манай хоёр ч гэсэн ойр ойрхон сэрээд л босох цаг болсон. 5 сарын 12-ны шөнө авч явах зүйлсээ цүнхэндээ хийгээд, Өсөхөө ахын хүчилтөрөгчийг 3-р отгоос хэрэглүүлж эхэлсэн. Үндсэн отгоос гараад манай хоёрын ядралт гайгүй, өндрийн нөлөөнд ч бага орж байсан. 2 хоног сайн амраагүй байсан болохоор миний бие нилээн суларсан, алхах тусам нилээн ядарч, зүрхний цохилт нилээн нэмэгдэж байлаа. Өглөө 8 цагийн үед 7400 метрийн орчимд зүрхний цохилт нилээн хүчтэй болсны улмаас 5-10 секунд манарсан. Цас бага зэрэг бударч, салхитай үед шилээ авч зүүснээс болоод нүднээс нулимс гарч эхэлсэн. Тухайн мөчид нилээн бодсоны эцэст буухаар болсон. Дээшээ 20 орчим метр өгсөж Өсөхөө ах, Пүүжээ хоёр дээрээ очсон. Манай хоёр инээгээд зүгээрүү гээд сууж байсан. Би хэсэг амьсгаа аваад биеийн байдлаас болоод цаашаа явж чадахгүй, буух болсоноо хэлсэн. Бас ядарч, өндөрт их орж байвал цуг буухуу гэж асуусан. Манай хоёр ч юм хэлээгүй ээ. Тухайн үед буухгүй гэдгийг би ч гэсэн мэдэж байсан. Яагаад гэвэл манай хоёрын биеийн байдал сайн, өндөрт ч бага орж, оргил хүртэл авираад бууж ирэх чадалтайг нь би ч гэсэн сайн мэдэж байсан. Пүүжээгээс хүчилтөрөгчөө хэрэглэхгүй юмуу гэж асуухад бие сайн, өндөрт орох нь гайгүй болохоор 4-р отог хүртэл хэрэглэхгүй гэсэн. Хойно хүмүүс ирсэн түгжрэл үүсгээд байсан болохоор удаан ярилцаж сууж чадаагүй ээ. Өсөхөө ах түрүүлээд алхаж байя гээд явсан. Пүүжээд гар станцаа, нэмэлт 1 батериатай гаргаж өгөөд явуулсан даа. Бусад хүмүүсээс битгий тасраарай цугтаа яваарай гээд захиад л явуулсан даа. Пүүжээ маань бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнээ гээд л инээгээд л явсан даа. Тухайн үед нийтдээ 50-60 орчим хүн 4-р отог уруу авирч байсан. Бид 3 5 сарын 12-ны өдөр өглөөний 8 цагт 7400 метрийн орчмоос л салсан даа. Харин манай хоёр 4-р отог буюу 7965 метрт өдрийн 13:40 минутын очсон байсан. 3-р отгоос 4-р отог хүртэл 11-12 цаг зарцуулдаг, зам нь нилээн урт байдаг. Манай хоёрын хувьд 10 цаг зарцуулсан байсан. Энэ нь ядралт багатай 4-р отог дээр очсон байсан гэсэн үг. Миний хувьд 5 сарын 12-ны орой 2-р отог дээр бууж ирсэн. Орой станцаар холбогдох гээд дуудсан боловч даан ч хариу өгөхгүй байсан. Орой 4-р отог дээр хэдхэн цаг амраад авиралт эхэлсэн гэдгийг бол мэдэж байсан. Орой хариу өгөхгүй болохоор өглөө дахиж холбогдоё гэж бодсон.
5 сарын 13ны өглөө 8 цаг 45 минутын үед Seven summit Treks компаний бууж байгаа хүмүүстээ South summit буюу 8600 метрийн өндөрт таарсан байсан. Тухайн үед манай хоёр дээшээ авирч байсан. Хоёулаа хүчилтөрөгчөө хэрэглээд авирч байсан гэж хэлсэн. Буухад зөрсөн Тенди гэдэг шерпагаас асуухад ядралт гайгүй авирч байсан гэж хэлсэн. Үүнээс 3 цагийн дараа 11:57 цагт Дэлхийн дээвээр Эверестийн оргилд гарсан. Өсөхөө ах, Пүүжээ хоёр маань Эверестэд авирах, оргилд гарахын тулд маш их бэлтгэл хийж, маш их тэсвэр тэвчээр гаргаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Манай хоёр цаг агаар муудвал, өндөрт орвол заавал оргилд гарахгүйгээр буцаад буугаад ирэх ухаантай уулчид. Бүх зүйл сайн байсан болохоор хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарсан. Даан ч буух зам нь дардан байсангүй ээ. Та хоёр маань авираал буух хүчтэй байсан ч, даан ч эверестийн салхи илүү хүчтэй байлаа. Магадгүй та хоёр маань бурхны оронд хэрэгтэй байсан болохоор бид бүгдээс аваад явсан байх. Өсөхжаргал ах, Пүрэвсүрэн маань ямар ч нэр алдар, анхдагч байхын төлөө бол авирдаггүй. Ууланд авирах маш их дуртай, бас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд авирдаг. Ууланд авирахад маш их эрсдэлтэй ч гэсэн, уулчин хүний хүсэл мөрөөдөл гэдэг илүү агуу. Та хоёр маань хүн болгонд сайн сайхныг хүсэж, хүн болгонд туслаж дэмждэг, уулзсан хүн болгондоо гэрэл цацруулж, урам зориг өгдөг байсан. Та хоёроороо үргэлж бахархаж, дурсаж санаж явах болноо. Сайхан ахыгаа, сайн найзыгаа маш их санаж, та хоёрынхоо орон зайг маш ихээр үгүйлж байна.

Бусад мэдээ

Өнөөдрийн байдлаар Монгол оронд 115,828  жуулчин иржээ

Өнөөдрийн байдлаар Монгол оронд 115,828 жуулчин иржээ

Аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодо

Мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг ирүүлсэн байна

Мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг ирүүлсэн байна

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох мөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн