Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Нам(АН)-ын дарга Б.Б зургаадугаар сарын 16-нд бусдын гарт амиа алдсан.
Уг хэрэгт холбогдогч П.О нь Монгол Ардын Нам(МАН)-ын ухуулагчаар ажиллаж байсан нэгэн гэдгийг АН-ын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү мэдэгдээд буй.
Иймд МАН-аас энэхүү хэрэгтэй холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргаснаа дөнгөж сая танилцууллаа.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан болно. Хуулийн хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна" гэв.