Эдийн засагч Р.Даваадорж 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт, зарцуулалттай газар дээр нь танилцаж аймгуудаар явахад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд илэрсэн тухай АТГ-т шалгуулахаар хандаж, өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би сүүлийн найман жил Монгол Улсын төсөвтэй холбоотой дүгнэлт бичиж, танилцаж, сөрөг хүчний зүгээс хандаж ирсэн судлаач, эдийн засагч хүн байна.
Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Бас хэн нэгэн сонгуулийн ажилд оролцох санал тавиагүй. Цаг зав гарсан учраас 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын байдлын талаар баруун долоо, хойд зүгийн дөрвөн аймгаар яваад ирлээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зарцуулалт ямар байгаа вэ гэдгийг судалж, иргэддээ хүргэх зорилгоор өөрийн цахим хуудсаар аймаг бүрийн мэдээллийг хүргэсэн.
Аймгуудад очиж харахад төсвийн хөрөнгө оруулалт хулгай дээрэм болчихсон байна. 5.5 тэрбум төгрөгийн үнэтэй нүх, 6-7 тэрбум төгрөгийн үнэтэй араг яс, балгас харлаа. Иймэрхүү замбараагүй байдал давтагдаж байсан.
Малчин хүн "хачигт баригдсан хонь таргалахгүй байсаар халуун зун үхдэг" гэж ярьдаг. Хэдийгээр эдийн засаг өсөж байна гэж байгаа боловч 76 гишүүний идэж ууж байгаа асуудал хэрээс хэтэрч байна.
Би газар дээр нь очоод нүдэндээ итгээгүй. Улс орноо ингэж тонон дээрэмдэнэ гэж байх уу хэмээн гайхсан. Гэтэл орон нутагт 4-5 жил нүх ухчхаад таван тэрбум төгрөг авчихсан хөрөнгө оруулалтыг харлаа.
Эхний байдлаар явж ирсэн асуудлаа нягтлаад тавыг нь АТГ-т өгсөн. Энэ бол сонгуультай ямар ч холбоогүй. Татвар төлөгчдийн мөнгөнд энэ нөхөд ямар хайр найргүй хандаж ирснийг үзүүлэхийг хүсэж байгаа.
Энэ байдал цааш давтагдвал Монгол Улс элгээрээ хэвтэхэд бэлэн болсон байна гэдгийг олон нийтэд хэлье" гэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр "Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 30 хувь нь Хэнтий аймагт тавигдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт жигд байх ёстой.
Яагаад Хэнтий аймаг руу яваагүй вэ гэвэл сум бүрд нь очих шаардлага гарна. Учир нь дунд сургуультай атал давхар сургууль барьдаг, хэн ч явдаггүй газарт зам барьсан гэх мэт асуудал бий. Би ойрын үед Хэнтий аймаг руу явна.
Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн өргөтгөлийг хоёр жилийн дотор 2.5 тэрбум төгрөгөөр барина гэж мөнгө аваад, дээр нь хүрэхгүй байна гээд таван тэрбум төгрөг болгосон байна. Хэдэн төгрөг тавигдсан талаар сургуулийн ажилчид мэддэггүй юм байна" хэмээн ярилаа.