Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулахаар санал оруулж буйгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Б.Баасандорж нь төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 5 жил, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр 2 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил тус тус ажилласан.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэлийн хэлтэс