Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг өчигдөр үдэш /2024.07.11/Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгов.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Өнөөдөр та бид үндэснийхээ түүхэн дуулалт жүжгийг нэгэн шинэ дүр төрхтэйгөөр нээж байна. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Билэгийн Дамдинсүрэн, Борис Смирнов нарын хамтын бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг анх Бөмбөгөр ногоон театрт Донровын Намдагийн найруулгаар жүжиг болгон тавьснаас хойш 90 жил өнгөрчээ. Олон янзын найруулга, олон өнгө төрхөөр Монголчуудын мэлмийг баясгаж байсан “Учиртай гурван толгой” дуурийг нэгэн шинэ өнгөөр өнөөдөр та бид угтаж байна” гэлээ.
“Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар СТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажилласан юм. Харин Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрс УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд мөн УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүр гоцлол дуучин М.Дариймаа нар тоглов.