Өчигдөр буюу долдугаар сарын 29-нд орсон аадар борооноор баруун, говийн аймгийн зарим зам, гүүр эвдэрчээ. Эвдэрсэн зам, гүүрийг Авто Зам Засвар Арчлалтын/АЗЗА/ компаниуд засаж байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллага болон Зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүллээ.
Эвдэрсэн зам, гүүр:
Улсын чанартай А08 дугаартай Өвөрхангай аймгийн Хужирт-Арвайхээр чиглэлийн авто замд долдугаар сарын 29-ний 15:00 цагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, тус чиглэлд байрлах модон гүүр нуржээ.
Гүүрээр зорчих боломжгүй болсон бөгөөд яаралтай сэргээн засварлахаар зам хариуцагч "Өвөрхангай АЗЗА" ТӨХК ажиллаж байна.
Өмнөговь аймгийн нутагт улсын чанартай А33 дугаартай Даланзадгад-Шивээхүрэн чиглэлийн авто замд өнөөдөр долдугаар сарын 29-ний 14:00 цаг орчимд орсон аадар борооны улмаас 23-30км-ын хооронд таван цэгт хөвөө угаагдсан, 30 дахь км-т байрлах дөрвөлжин хоолой угаагдаж, эвдэрчээ.
Зам хариуцагч "АЗММ" ХХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хохирлын тоо хэмжээг тогтоох, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд долдугаар сарын 29-ний орой 19:00 цагийн үед орсон борооны улмаас тус сум дахь олон улсын чанартай А0403 дугаар замын 339-340 километр замын хажуугийн хөвөө борооны усанд урсжээ.
Алтанбулаг сумын цагдаагийн тасгаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, үүссэн эвдрэлийг засварлуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдээллээ.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр/2024.07.30/ төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Улаанбаатарт бороо орохгүй. Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.