Иргэдийн зүгээс авто машины дугаар явахгүй өдөр, автобусаар зорчихдоо бэлэн мөнгө өгч явж байх санал гаргасны дагуу нийтийн тээврийн хуучин автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байршуулж эхэлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийсэн юм. Эдгээр автобуснуудын хувьд бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцагтай. Иргэд бэлэн мөнгөний хайрцагт мөнгөн дэсгэртийг дундуур нь урж хийх асуудал их гарч буйг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог. Ийм үйлдэл гаргаж буй иргэд, ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна гэжээ. Хэрэв мөнгөн тэмдэгтийг урж хайрцагт хийвэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэх юм байна.Үүнийг нийтийн тээврийн хяналт шалгалтын байцаагч нар болон камераар тогтоох аж.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 126 чиглэлд 1078 автобус үйлчилгээнд явж буй аж. Шинэ хичээлийн жилтэй холбогдуулан энэ сарын 26-наас ажлын өдөр 113, амралтын өдөр 68 автобус нэмэлтээр явуулахаар болжээ.