Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өнөөдөр/2024.08.26/ хэлэлцээ хийсний дараа мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Гадаад хэргийн сайдын түвшинд анхны айлчлалаа хийж байна.
Бид албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Оманы Султант улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, олон улсын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Хэлэлцээний үр дүнд хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арга зам, хэтийн төлөвийг тодорхойллоо. Яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө.
Монгол Улс булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гадаад бодлогын энэ хүрээнд Оман улстай харилцаагаа бэхжүүлж, урт удаан, бат бэх түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.
Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд улс төрийн найрсаг түвшинд харилцаж ирсэн. Цаашид хамтын ажиллагааг шинэ түвшин хүргэхэд санал нэгдлээ.
Манай улс, Оман улстай тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, байгаль орчны салбарт харилцааны эрхзүйн орчныг бэхжүүлэхээр тохиролцлоо.
Энэхүү айлчлалаар Монгол, Оманы Гадаад Харилцааны Яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, яриа хэлэлцээний механизмтай боллоо. Ингэснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулж, цаашдын чиглэлийг тодорхойлох боломж бүрдэж байна.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, дэлхийн улс орнуудтай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулахыг зорьж байгаа. Оманы Султант улстай албан, дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохирлоо" гэж мэдээллээ.