Ангийн зориулалттай буу нь эвдэрч иргэн өөрийгөө гэмтээсэн тохиолдол гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн редактор, ахлах дэслэгч Б.Уранцацрал "Энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт иргэн Э нь ангийн зориулалттай карбин буугаар буудлага үйлдэх үед галт зэвсгийн эд ангид эвдрэл гарч өөрийн биеийг гэмтээсэн.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байна.
Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалахдаа зэвсгийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна" гэж мэдээллээ.
Галт зэвсгийн тухай хуулиас:
- 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.
- Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
- Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.