20 минутын хот" арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нар Төрийн ордонд мэдээлэл хийж байна
Дугаарын хязгаарлалтын талаар "Энэ бол шинэ зүйл биш. Үргэлжлээд 10 гаруй жил болж байна.
Эхний жилүүдэд дугаарын хязгаарлалтын нөлөө нь өндөр байсан юм билээ. Гэвч яваандаа автомашины тоог олшруулах арга хэмжээ болж хувирсан учраас цаашид дугаарын хязгаарлалтын аргыг хэрэгжүүлэх шаардлагагүй.
Хэрэв энэ жил дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүллээ гэхэд дараа жилээс өөр арга хэмжээг авах шаардлагатай" гэж Түгжрэлийн сайд ярилаа.
Энэ үеэр замын хөдөлгөөний нөхцөл байдал ба түгжрэлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Хотын дарга Х.Нямбаатар дараах хариултыг өгөв.
Сэтгүүлч: Яагаад зуны хугацаанд замаа засахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай давхцаад байна вэ. Зун яг юу хийдэг юм бэ?
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын 2024 оны төсөвт Замын сангийн 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлыг зургаадугаар сард хийж дууссан.
Одоо үргэлжлэн хийгдэж буй замууд нь нийслэл бонд гаргах эрх авч, 270 тэрбум төгрөгийг долдугаар сарын эхээр босгоод үүний араас тендерээ зарласан ажил. Тендерийн маргааны хоногуудаа бүгдийг дуусгаад гэрээ хийж, цаг хугацааны дарааллаар ажиллаж байна.
Энэ жил нийслэлийн нийт авто замынхаа 70 орчим хувийг шинэчилж засах төлөвлөгөө гаргаад бондоор мөнгө босгосон. Үүний дагуу тендер зарласан бөгөөд наймдугаар сард гэрээ хийгээд явж байна.
Ажлын 15 хоногоос хэтрүүлэхгүйгээр нэг багц тендерийн хучилтын ажлыг бүхэлд нь хийж байгаа. Хамгийн сүүлийнх гэхэд 32-ын тойргоос хойш 17-гийн уулзвар хүртэлх замыг ажлын 10 гаруй хоногт хийгээд дууссан.
Маргаашаас эхлэн 17-гийн уулзвараас хойш Долоон буудлын замыг хучих ажил хийгдэнэ. Шар хадны эцсээс нааш уруудаад 16 дугаар хороолол хүртэлх замын гүйцэтгэгч нь өнгөрсөн долоо хоногт шалгарсан.
Зам тавихад хөрөнгө мөнгө, зураг төсөл байх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын замын санд 70 тэрбум төгрөгөөс илүү цуглаж байгаагүй. Улаанбаатар хотын нийт замын 80 гаруй хувийнх нь насжилт дууссан.