УИХ-ын гишүүн Ж.Галбадрах УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд байр сууриа илэрхийлэв.
Тэрээр “Эдийн засаг өсөж, төсөв тэлж байхад боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд бүлэг дүүргэлт 40 хүүхдээс давсан 4860 ангид 214 мянган хүүхэд суралцаж байна.
Харин 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Улсын хэмжээнд 6000 гаруй хүүхэдтэй хоёр сургууль байна. 1800-аас дээш хүүхэдтэй 124 сургуульд 3680 хүүхэд суралцаж байна. Энэхүү нөхцөлийг хэвийн болгохын тулд 150 сургууль барих зайлшгүй шаардлагатай.
Сургуулийн хүртээмжийг хэзээ нэмэх вэ, боловсролын салбарт өнгөрсөн жил 700 тэрбумыг төсөвлөсөн. Энэ жил 500 тэрбум болгож бууруулсан шалтгаан юу вэ, багшийн хомсдолыг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуув.
Боловсролын сайд П.Наранбаяр, өнөөдөр 1800-аас дээш хүүхэдтэй сургууль орон нутагт 39, нийслэлд 87 сургууль байна. Хүүхдийн тоо 1800-аас дээш давсан нөхцөлд сургалт явуулах амаргүй.
Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл болон эрчим хүчний хангамжийг нэмэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ Эрчим хүчний хүртээмжийг нэмсний үндсэн дээр сургууль, цэцэрлэг шинээр барих бодлого баримтлах нь зайлшгүй. гэжээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.