Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2024.10.23) Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулга хийхдээ “АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 их наяд 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” хэмээлээ.
Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан батлуулах шаардлагатайг онцлов.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ.
Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг тогтоосон. Иймд энэ парламент тэдгээр зүйл заалтыг засахаар ажиллаж эхэлсэн гэв.
Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс болдгийг тодотголоо. Тиймээс хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийгмийн хэм хэмжээг хуулиар зохицуулахад УИХ анхааран ажиллана гэсэн юм.
УИХ-аас 2023 онд батлагдсан, 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2024 онд батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар УИХ-ын дарга, УИХ-аас хууль дээдлэх ёсыг шат ахиулахаар ажиллаж эхэлснийг тодотгоод, авлигатай тэмцэх ажил тунхаг төдий бус бодит үр дүнд заавал хүрэх шаардлагатай гэв.
Авлигын асуудал бол улс орны оршихуйтай холбогддог учир АТГ урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллах талаар саналаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.