Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.11.27/ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улсын хэмжээнд хүнс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой нийслэл болон 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна. Тэглээ гээд эрсдэл гарахгүй гэсэн үг биш. Өвөлжилтийн бэлтгэлийн хувь өндөр байдаг ч гэсэн өвлийн улиралд хур тунадас, эрсдэлтэй нөхцөл байдал бий болдог.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь гэсэн аймгууд гантай зуссан учраас зудын эрсдэл өндөр гарсан. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин маш их байна.
Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд зудын эрсдэл их буюу дунджаас дээш байх дүгнэлт гарсан. Ялангуяа арванхоёр, нэгдүгээр сард энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтэн, ахиу хур тунадас орохоор төлөвтэй байна. Тийм учраас бид аймаг орон нутагт бэлэн байдлыг хангах, "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнтэй болгох чиглэлд анхаарна. Цаашид зөвлөмж гаргаж, малчдад дэмжлэг үзүүлэх, зудын эрсдэлийг газар дээр нь дүгнэж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах шуурхай бүлгүүдийг томилж, 21 аймаг, 330 суманд ажиллуулна. Аймаг орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан таван бүлэг ажиллаж байна. УОК-ын дэргэдэх Шуурхай штаб өнөөдрөөс 24 цагаар ажиллаж, орон нутагт заавар чиглэл өгч ажиллана" гэв.
Мөн "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөдөлгөөн 65.800 гишүүнтэй болсон байна. Мөн 6599 анхан шатны хоршоо байгуулж, нийт гишүүдийн 25 хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Бид мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж, төслөө үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр нь анхаарч ажиллана. Хоршооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Энэ бол том бөгөөд шинэ ажил. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хохирол эрсдэлийг даван туулах, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, бараа бүтээгдэхүүний чанар стандартыг сайржуулах гээд "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл ажиллагааны цар хүрээ асар өргөн байгаа. Зээлийн хэрэгжилт хэвийн, сайн үргэлжилж байгаа. Сонгуулийн шоу байгаагүй гэдгийг хэлье. Уламжлалт мал аж ахуйгаа авч үлдэх, малчдаа дэмжиж, байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ илүү оновчтой болгож, шинэ шатанд гаргах зорилготой юм. Энэ хөдөлгөөний төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг хэвийн олгоно. Бид ирэх жил нэг их наяд төгрөгийн санхүүжилтыг олгоно. Ингэхдээ олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Дэлхий энэ чиглэл рүү явж байна" гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гэнэтийн үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлс бий болж байна. Зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтээрээ ийм эрсдэлтэй нүүр тулж байна. Улс орон бүхэн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах ёстой. Энэ бүхэн дан ганц төрийн, Онцгой байдлын ерөнхий газрын үүрэх ачаа биш. Энэ бол төр, иргэн, аж ахуйн нэгжийн ухамсартай хамтрын ажиллагаа итгэл үнэмшлээс шалтгаална. Үүний үр дүнд бид өнгөрсөн жил 24 сая толгой мал хорогдох байсныг бууруулж, 8.4 сая толгой мал хорогдсон. Энэ бол асар өндөр тоо. Бэлтгэлээ сайн хангасан учраас харьцангуй хохирол багатай даван туулсан.
Хоёрт, Шадар сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд олон агентлаг, газрууд бий. Төсөв хөрөнгийг тусгахдаа ихэвчлэн цалин хөлс, урсгал зардал, тог цахилгаанд зарцуулдаг. Онцгой байдлын газрын машин механизмыг шинэчлэхээс гадна боловсон хүчнийг чадавхжуулах, сургах тал дээр анхаарч байна.
Стандарттай, эрсдэлийг бууруулах стратегийн хөтөлбөрийг боловсруулж, ОБЕГ хэрэгжүүлж байгаа. Хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнхээс харьцангуй нэмэгдэж байна. Энэ жил улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөгийг тусгасан. Онцгой байдлын албаны өдрийн нормын хоолны зардал 8 мянга байсан бол 15 мянга болгосон. Мөн хувцас хэрэгсэл, машин механизмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийж байна. Аймаг орон нутгийнхан өөрсдийнхөө хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа. Хариуцлагагүй, идэвх санаачлагагүй орон нутгийн удирдлага бий" гэсэн юм.