fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-05

Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Б.Чимид агсны 90 насны ойд зориулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор өнөөдөр /2024.12.05/ зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын тухай илтгэл тавилаа. Б.Чимид агсны олон шилмэл туурвилуудын нэг болон уг ном “Ихэс дээдэс, хүн бүрд хандсан дөрвөн өчил” гэсэн тайлбар гарчигтай бөгөөд “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн дөрвөн бүлэгтэй.

Уг номын агуулгыг товчлон шинжилсэн илтгэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор О.Мөнхсайхан монголчуудын төрт ёс, хууль дээдлэх ёсыг Б.Чимид агсан хаант ёс, социалист чиг баримжаатай Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт буюу хууль цаазат ёс хэмээн гурван их үед ангилж үзсэнийг дурдав. Б.Чимид агсан номдоо “Монгол дахь хууль дээдлэх ёсны үзэл санаа нь “Rule of law” буюу “эрх зүйт ёс”-ны, “Rechtsstaat” буюу “эрх зүйт төр”-ийн нэгэн хувилбар гэж болно” гэж бичсэнийг тэрбээр эшлээд, хууль дээдлэх ёс хэрэгжиж байгаа, эсэхийг нягтлах 12 шинжийг нарийвчлан тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой гэсэн юм. Үндсэн хуулиар Монголын нийгмийн улс төр, эдийн засаг, нийгэмшил, соёл оюуны үндэс шинэчлэгдсэн, мөн Үндсэн хуулийн гүйцэтгэх чиг үүрэг өмнөх нийгмийнхээс эрс өөрчлөгдөж, өсөн нэмэгдсэн гэх суурь шалтгаануудаар Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс нөхцөлдөх бөгөөд энэ нь хууль дээдлэх ёсны суурь болохыг Б.Чимид агсан номдоо тодорхой тайлбарласан байна. Үндсэн хуулийн чиг үүргийг холбогдох заалтаас эшилж нэг бүрчлэн тайлбарласны дотроос ард түмний туйлын хүслэн (ideal)-г тодорхойлох чиг үүргийг доктор О.Мөнхсайхан илтгэлдээ онцлон авч үзсэн юм. Нийгэмд оршин буй өөр өөр үзэл бодол, ард олны хүсэл зоригийг аль нэг нам, ямар нэгэн шашин бүхэлд нь төлөөлөн нэгтгэх боломжгүй бөгөөд түүнийг гагцхүү “Үндсэн хуулиар томъёолж, дагуулахаас өөр арга зам одоогоор нээгдээгүй”-г Б.Чимид агсан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номдоо тов тодорхой бичжээ.

Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан процедур болон гол агуулга нь түүнийг дээдлэн шүтэх нийгэм, сэтгэл зүйн үндэслэл болно гэдгийг доктор О.Мөнхсайхан уг номоос дүгнээд, Б.Чимид агсан Үндсэн хуулийг дээдлэх үзэл, дадлыг суулгах 10 аргыг 2006 онд санал болгосноос албан бус сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ойлгож дэмжих итгэл үнэмшил, соёл хандлага бий болгох, мушгин гуйвуулж, буруу ташаа тайлбарлахыг хүлцэн тэвчихгүй байх, Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэж, чандлан сахиулах Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг “үндсэн хуульчилсан акт”-аар дэлгэрүүлэн тогтоох, нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн аль нэг нам, бүлгийн явцуу сонирхол, албан тушаалын төлөөх шохоорхолд автахгүйгээр онол-мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан, ард түмний олонхын санаа бодол, олон намын зүй ёсны нийтлэг сонирхолд буюу ашиг сонирхлын огтлолцолд тохирсон зайлшгүй” тохиолдолд л хийж болох тухай дөрвөн аргыг тусгайлан тайлбарлаж ярилаа.

Процедур талаасаа, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хангалттай судалгаанд тулгуурлан мэргэжлийн түвшинд боловсруулж, иргэдийг өргөнөөр оролцуулж, улс төрийн зөвшилцлийг хангаж, нээлттэй, чөлөөтэй хэлэлцүүлж, Улсын Их Хулаар гурваас доошгүй удаа хэлэлцүүлэг хийх, дөрөвний гурвын саналаар буюу өндөр босгоор, холбогдлох хуулийг чанд баримтлан, хангалттай дэмжлэг бүрдсэн уур амьсгалд хүлээн зөвшөөрөгдөх легитим шинжийг хангаж батлах, агуулга талаасаа, уг нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх ёстой гэж үзэж байсныг нь тэрбээр эш татан дурдаж, 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг таашаагаагүйг олон баримтаар өгүүлэв. Үндсэн хууль тогтвортой байж, түүнийг танин мэдэж, тууштай сахин биелүүлснээр хүн үндсэн эрхээ баталгаатай эдэлж, Монгол төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл хангагдана гэж Б.Чимид агсан захиж үлдээснийг тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Бусад мэдээ

2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дараах хуулийн төсөл болон үйл ажил

Өнөөдөр 61 жил ханилсан азай буурлууд "ОЧИР ЭРДЭНЭ"-ийн ХУРИМАА хийлээ

Өнөөдөр 61 жил ханилсан азай буурлууд "ОЧИР ЭРДЭНЭ"-ийн ХУРИМАА хийлээ

Албан ёсоор гэрлэлтээ батлуулснаас хойш 60-аас дээш жил ханилж буй хосууд "Очир-Эрдэнэ"-ий ёслолоо хийдэг аж.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн