Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр утааг бууруулах хүрээнд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг А/180 захирамжаар байгуулсан.
Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар Засгийн газрын 2018 оны 62, 223 дугаар тогтоол, журмуудын хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөгөө танилцууллаа.
Хурлыг Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр удирдлаа. Ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой түлш” компанийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн танилцуулгыг сонсож, саналаа хэлэв.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ү.ОЮУНЗУЛ: Агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрч, утаа гамшиг боллоо. Нийслэлийн аль ч хэсэгт амьдарч байгаа иргэд утаа, тоосонцрын хэмжээ дээд цэгтээ хүрсэн нэг л агаараар амьсгалж байгаа. Тиймээс асуудлаасаа зугтаж, бие бие рүүгээ утааны асуудлыг нялзаах биш хамтраад санал санаачилгаа нэгтгээд, хэдэн талаас нь оролцоогоо хангаад ажиллах нь зүйтэй. Бидэнд өнөөдөр үр дүн чухал. Тиймээс судлаач, шинжээч, инженер, эрдэмтдийн багийг түлхүү оролцуулъя. Мэргэжлийн хүмүүсийн судалгаа, мэдлэгийг ашиглая. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд солигдсон гэж сонслоо. “Ажлаа дөнгөж авлаа, би шинэ хүн” гэдэг яриагаар асуудлаас зугтаж болохгүй. Бодлого, шийдлээ танилцуул. Манай түлшний чанар сайн гэж мэдэгдээд, иргэдийг бухимдуулж байна. Хаана, яаж сайжраад байна вэ. Нүүрсний түүхий эд, барьцалдуулагчийн талаарх мэдээллээ шат шатандаа нэгтгэе.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЗОЛТУЯА: Сайжруулсан түлшээ яаж сайжруулах вэ гэдэгт төвлөрье. Орц, найрлагыг шалгах нь үр дүнтэй ажил байж чадах уу. Стандартад нийцсэн барьцалдуулагч болон түүхий эдтэй гээд удаа дараагийн дүн гарчээ. Итгэмжлэгдсэн лабораториуд буруу шинжлээд байгаа бол хариуцлагаа хүлээх биз. “Тавантолгой түлш” компаниас чийгшил өндөр учраас түлш дутуу шатаж байна гэх мэдээлэл өгч байна. Тиймээс нүүрс бүрэн шатаадаг технологио судлаач. Шийдэл л гарахгүй юм бол “Тавантолгой түлш” компаниас танилцуулдаг мэдээллийг сонсоод энэ Ажлын хэсгийн ажил дуусвал юу ч шийдэгдэхгүй.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.АНУ-ҮЖИН: Сайжруулсан гэх түлшний стандартыг харахаар стандартад нийцсэн гэх дүн танилцуулдаг. Гэтэл үнэхээр стандартад нийцсэн юм бол яагаад утаа гамшиг болоод байна вэ. Тэгэхээр сайжруулсан түлш буюу эцсийн бүтээгдэхүүндээ тохирсон стандартыг мөрдөж байна уу, эсвэл уурхайгаас авч буй нүүрсний стандартыг чанар гэж үзээд байна уу. Олон улсын стандарт хэрэгжиж байна уу. Миний хувьд, эргэлзээ энд байна.
Ийнхүү Ажлын хэсгийн төлөөлөгчид саналаа нэгтгэж, төлөвлөгөөгөө гаргажээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА