Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2025 оныг нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд олон ажлуудыг төлөвлөсөн. Үүний нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж буй. Мөн нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.
Тэгвэл өнөөдөр энэхүү орон нутгийн өмчит байгууллагын гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, тамга тэмдгийг гардуулан өгчээ.
З.Төмөртөмөөгийн хувьд хоёр дахь удаагаа Нийслэлийн иргэдийн хуралд Чингэлтэй дүүргээс сонгогдсон. Түүнчлэн, Хотын даргын орлогчоор ажиллах хугацаандаа нийслэлийн дулаан алдагдалтай цэцэрлэг, сургууль, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, судлах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд түүхий нүүрсний эсрэг арга хэмжээ авах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ажлын менежментийг сайжруулах тал дээр иргэдийн дуу хоолой болж, холбогдох тогтоол шийдвэрийг гаргуулахын төлөө ажиллаж байжээ.